Аливаа улс орны төрөөс хэрэгжүүлж буй эрүүл мэндийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээний зохицуулалт мөн. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар байгуулагдсан билээ. Манай байгууллагын хувьд оношилгооны өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийг хэрэглэх нөхцлийг бүрдүүлснээр хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй, жигд хүртээмжтэй хангаж, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, түүнчлэн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангаж, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.
Эм зүйн салбарыг нэгдсэн удирдлагын тогтолцоонд шилжүүлж, бүтэц, системийг боловсронгуй болгосноор Эрүүл мэндийн, Эмнэлгийн тусламж үйлчилгээний, Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах, зайлшгүй шаардлагатай эм, өнчин эм, төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн тасралтгүй хангамжийн хяналтын тогтолцоог бүрдүүлэх замаар хүн амын хэрэгцээг хангаж, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Мөн олон улс дахь сайн туршлагыг судалж, оношилгоо, шинжилгээ, чанарын баталгаажилтын дэвшилтэт аргачлалыг нэвтрүүлэн, ДЭМБ болон гадны бусад байгууллагуудын зөвлөмж, стандартын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлснээр дуураймал, стандартын бус эмийн тархалтыг таслан зогсоох боломж бүрдэх юм. Дотоод, гадаадын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгч байгууллагууд, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон иргэд, олон нийтийн хооронд төрийн үйлчилгээг шуурхай, ил тод, хүртээмжтэй хүргэх зарчмаар нягт хамтран ажилласнаар та бид хамтдаа салбарын хөгжилд шинэ хуудсыг эхлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
ЭЭХХЗГазар