МОНГОЛ УЛСЫН ЭМИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЧАДАВХЫГ ДЭМБ-ЫН ОЛОН УЛСЫН ЖИШИГ ТОГТООХ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛААР ҮНЭЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь улс орнуудын эм, вакцины зохицуулалтын байгууллагын чадавх, тогтвортой байдал, төлөвшлийн түвшнийг тодорхойлох зорилгоор Олон улсын жишиг тогтоох үнэлгээний аргачлал (Global Benchmarking Tool, GBT)-ыг боловсруулан хэрэгжүүлж байна.
Энэхүү аргачлалаар эмийн зохицуулалтын тогтолцоог дөрвөн түвшинд ангилан үнэлдэг бөгөөд зохицуулалтын үндсэн чиг үүргүүдийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үр нөлөө, тогтолцооны төлөвшлийг цогцоор нь тодорхойлдог. Үнэлгээнд хамрагдсанаар тухайн улсын эмийн зохицуулалтын чадавхыг олон улсын жишигтэй харьцуулан үнэлж, цаашид сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлон, тогтвортой хөгжүүлэх боломж бүрдэх юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Монгол Улсын иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр нөлөөтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангах, улмаар хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилготой. Энэ хүрээнд эмийн зохицуулалтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, байгууллагын чадавхыг бэхжүүлэх, зохицуулалтын үйл ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.
Тус газар 2022 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Олон улсын жишиг тогтоох үнэлгээний аргачлалын дагуу анхны өөрийн үнэлгээг хийж, 2023 онд байгууллагын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулсан. Улмаар уг төлөвлөгөөг 2025 онд шинэчлэн, эмийн зохицуулалтын тогтолцоог үе шаттайгаар сайжруулах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.
ДЭМБ-аас Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэхэд тасралтгүй дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2025 оноос албан ёсны олон улсын жишиг тогтоох үнэлгээнд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд ДЭМБ-ын олон улсын үнэлгээний баг 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсад гурван өдрийн турш ажиллаж, эмийн зохицуулалтын тогтолцооны чадавхыг урьдчилсан байдлаар үнэлэх ажлыг эхлүүллээ.
Урьдчилсан үнэлгээний үр дүнд Монгол Улсын эмийн зохицуулалтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, давуу тал, сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон албан ёсны олон улсын жишиг тогтоох үнэлгээнд хамрагдах хугацааг товлох юм.
Захиргаа, удирдлагын газар
Инженер Д.Даваахүү
Утас:51-260182