МЭДЭГДЭЛ
Олон нийтэд хүргэх тухай
Сүүлийн үед Нэгүүн.мн цахим мэдээллийн сайтаар Мамба дацан эмнэлэг нь эмийн бүртгэлгүй эм, тангаар үйлчилсэн гэх асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтнуудыг авлига авсан гэх агуулгатай мэдээлэл түгээсэнтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь хууль дээдлэх үндсэн зарчмын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа ил тод, шударга байх зарчмыг баримталж ажилладаг төрийн захиргааны байгууллага юм.
Тус газрын албан тушаалтнуудыг “авлига авсан” гэх ор үндэслэлгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэж, сэтгүүл зүйн мэргэжлийн ёс зүй, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэх үндсэн зарчмаа зөрчиж, байгууллагын нэр хүндэд илтэд халдсан явдалд харамсаж байна.
Тус газрын зүгээс холбогдох хууль хяналтын байгууллагад албан ёсоор хандаж, дээрх мэдээллийн эх сурвалж, бодит үндэслэл болон холбогдох нөхцөл байдлыг шалгуулах арга хэмжээ авахаа үүгээр мэдэгдэж байна. Нөгөөтэйгүүр хяналт шалгалтын дүн, хууль ёсны шийдвэрт үндэслэн олон нийтэд шаардлагатай мэдээллийг хүргүүлэх болно.
Цахим мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр аливаа мэдээллийг түгээхдээ бодит баримт, нотолгоонд тулгуурлаж, төрийн байгууллага болон холбогдох этгээдийн нэр хүнд, хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн ажиллахыг уриалж байна.
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
