ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус лабораторийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр, Цар тахлын сангийн 3 сая ам долларын санхүүжилтээр шинэчлэн байгуулж, 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээлтийн ёслолоо зохион байгуулан албан ёсоор ашиглалтад оруулсан.
Төслийн хүрээнд нийт 49 нэр төрлийн 77 ширхэг орчин үеийн хэмжих хэрэгсэл, багаж тоног төхөөрөмж болон лабораторийн аюулгүй ажиллагааны туслах хэрэгсэл нийлүүлэгдэж, суурилуулалтын ажил 90 хувьтай хийгдээд байна. Ингэснээр лабораторийн шинжилгээний хүчин чадал, үр дүнгийн нарийвчлал, найдвартай байдал үе шаттайгаар сайжирч, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх суурь тавигдаж байна.
Уулзалтын үеэр талууд лабораторийн чадавхыг цаашид бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үндэс бөгөөд үндэсний лавлагаа лабораторийн чадавх нэмэгдсэнээр зах зээлд нийлүүлэгдэж буй бүтээгдэхүүний хяналт илүү үр дүнтэй болох юм.
Эм шинжлэх лаборатори
Дарга Х.Одонтуяа
Утас: 51-260182