ДЭМБ-ын Олон Улсын Эмийн Хяналтын Хөтөлбөрийн гишүүн орнуудын 44 дэх удаагийн уулзалтад ЭЭХХЗГ оролцлоо

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Олон Улсын Эмийн Хяналтын Хөтөлбөр (WHO Programme for International Drug Monitoring – WHO PIDM)-ийн гишүүн орнуудын 44 дэх удаагийн уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 25–27-ны өдрүүдэд Коста Рика улсын Сан Хосе хотноо “Харилцаа бол Фармаковижилансийн үндсэн хэрэгсэл” сэдвийн дор зохион байгуулагдаж, ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын ахлах мэргэжилтэн Л.Дулмаа тус уулзалтад оролцлоо.

Уулзалтаар фармаковижилансийн харилцаа, ДЭМБ-аас гаргасан “Дэлхий нийтийн ухаалаг фармаковижилансийн стратеги”-г хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр улс орнуудын туршлага, цаашдын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцлээ. Мөн Олон Улсын Фармаковижилансийн Нийгэмлэг (International Society of Pharmacovigilance - ISoP)-тэй хамтарсан уулзалтаар фармаковижилансийн сургалтын хөтөлбөрийн талаар хэлэлцэв.

Олон Улсын Эмийн Хяналтын Хөтөлбөр нь эмийн хэрэглээтэй холбоотой ноцтой болон урьдчилан таамаглаагүй гаж нөлөө, аюулгүй байдлын мэдээллийг улс орнуудын түвшинд системтэйгээр цуглуулж, олон улсын хэмжээнд нэгтгэн шинжлэх, эмийн аюулгүй байдлын болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Тус хөтөлбөрийг 1968 онд бий болгосон бөгөөд Уппсала хяналтын төв (Uppsala Monitoring Centre – UMC) ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байна.

ДЭМБ-ын 2026 оны 7 дугаар сарын мэдээллээр Олон Улсын Эмийн Хяналтын Хөтөлбөр нь 162 жинхэнэ гишүүн, 20 ажиглагч гишүүнтэй болж, нийт 182 улс, нутаг дэвсгэрийг хамарсан олон улсын фармаковижилансийн сүлжээ болон өргөжөөд байна. Монгол Улс 2021 онд уг хөтөлбөрийн 149 дэх жинхэнэ гишүүн орон болж элссэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн хүрээнд эмийн аюулгүй байдлын мэдээлэл солилцох, Дэлхийн фармаковижилансийн сүлжээнд идэвхтэй оролцох боломж бүрдэж байна.

ЭЭХХЗГ тус уулзалтад оролцсон нь үндэсний фармаковижилансийн тогтолцоог олон улсын түвшинд хөгжүүлэх, Олон Улсын Эмийн Хяналтын Хөтөлбөрийн гишүүн орнуудтай туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газар

Ахлах мэргэжилтэн Л.Дулмаа

Утас: 51-260182