Эмийн зохистой хэрэглээний аяныг зохион байгууллаа

Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан  Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмийн  сангууд хамтран  “Эмийн зохистой хэрэглээ”-ний аяныг “Зөв мэдлэг – Зөв хэрэглээ – Эрүүл ирээдүй” уриан дор  3 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна.

2026 оны 09 дүгээр сарын 02-ноос 22-ны өдрүүдэд зохион байгуулсан тус аяны хүрээнд иргэдэд  цусанд сахар үзэх, цусны даралт үзэх, гэрийн эмийн сангаа хэрхэн цэгцлэх, эмийг хэрхэн хадгалах, устгах тухай, эмийг эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэх, эмийн зохистой хэрэглээний ач холбогдол, буруу хэрэглээнээс үүсэх эрсдэлийн талаар мэдээлэл, мэргэжил, арга зүйн зөвлөгөө хүргэлээ.

Аяны үйл ажиллагаанд 100–120 орчим хүн хамрагдаж, эмийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэн, эмийг зөв хэрэглэх, эрүүл мэнддээ хариуцлагатай хандахыг уриалсан мэдээлэл, зөвлөмжийг хүлээн авлаа.

Мөн эмнэлгийн эмч, эмийн сангийн жор баригчдын дунд “Цахим жор – Цаг хэмнэнэ” нэг сарын хугацаатай аяныг зохион байгуулж, жор бичилтийг дүгнэн,  цахим жор бичилтийг идэвхжүүлэхэд анхаарч ажилласан бөгөөд улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлэн, цахим жор болон эмийн зохистой хэрэглээний талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Чанарын хяналтын газар

Байцаагч Г.Чинчулуун

Утас: 51-260182