ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР БОЛОН “ЭМ ЗҮЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВ” НҮТББ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хурлын танхимд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) болон Эм зүйн судалгаа, хөгжлийн төв НҮТББ (ЭЗСХТ)-ын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа боллоо.

Арга хэмжээнд ЭЭХХЗГ-ын дарга П.Алтанцэцэг, ЭЗСХТ НҮТББ-ын захирал М.Халиунаа нар оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүй, стандартын орчныг боловсронгуй болгоход хамтран ажиллах, эм зүйн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулах, зах зээлийн тандалт, судалгаа хийх, эмийн чанар, аюулгүй байдлын шинжлэх ухаанд суурилсан судалгааг дэмжих, хуурамч болон стандартын шаардлага хангахгүй эмийг илрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Мөн олон нийтэд үнэн зөв, нотолгоонд суурилсан мэдээллийг хүргэж, эм, эмнэлгийн хэрэгслийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Санамж бичиг нь 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, нотолгоонд суурилсан зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, олон нийтийн итгэлцлийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.