Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор жилд 4000–5000 дээжид шинжилгээ хийж, эм, эмнэлгийн хэрэгсэл чанаржина

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог шинэ шатанд гаргах зорилготой Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторийн нээлтийн ёслол өнөөдөр /2026.06.16/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг болон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Д.Ганмаа, салбарын төлөөллүүд оролцов.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал нээж хэлсэн хэлсэн үгэндээ "Хэдэн жилийн өмнө би “Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна” гэж УИХ-ын индэр дээрээс хэлж байв. УИХ-ын гишүүний хувьд Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар хянан шалгах түр хороог санаачлан байгуулж ажилласны дотор эмийн үндэсний лавлагаа лабораторийг чадавхжуулах асуудал багтсан.

Бидний нээлтийг нь хийж буй энэхүү лаборатори нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үр дүнтэй хамтын ажиллагааны тод жишээ юм" хэмээлээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар энэ үеэр “Эмийн чанар, аюулгүй байдал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш. Энэ бол иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, төрийн үйлчилгээнд итгэх итгэл, үндэсний аюулгүй байдлын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Иймээс Монгол Улсын Засгийн газар эмийн зохицуулалт, чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт хүргэх зорилтыг тууштай хэрэгжүүлж байна” хэмээн онцоллоо.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал доктор Саиа Ма’у Пиукала: “Бага болон дунд орлоготой орнуудад ашиглагдаж буй 10 эм тутмын нэг нь стандартын шаардлага хангаагүй эсвэл хуурамч байдаг. Энэ бол зөвхөн техникийн асуудал биш, хүний амь насанд аюул учруулж буй асуудал юм. Хүчирхэг лаборатори гэдэг нь зүгээр нэг барилга байгууламж биш. Энэ бол иргэд, гэр бүл, нийт нийгмийг эрсдэлээс хамгаалдаг хамгаалалтын тогтолцоо юм. Монгол Улс өнөөдөр энэхүү хамгаалалтаа улам бэхжүүлж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор:

• Жилд 4,000–5,000 дээжид шинжилгээ хийх хүчин чадалтай болов

• Иргэдэд хүрч буй эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын баталгаа бэхжив

• Хяналт, шинжилгээний чадавх олон улсын түвшинд хүрэв

• Орчин үеийн багаж, тоног төхөөрөмж, дэвшилтэт системүүдийг нэвтрүүлэв

• Мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хөгжүүлэх боломж бүрдэв

•Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх үндэсний лавлагаа лаборатори болох суурь тавигдав • Эмийн чанарын хяналтыг дэлхийн шиллэг стандартад нийцүүллээ.