Эм хангамжийн байгууллагуудын системийг цахим мэдээллийн нэгдсэн сантай холбох ажил эхэллээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эм хангамжийн байгууллагуудын эмийн худалдаа, худалдан авалт, нөөц, цувралын мэдээллийг цахимаар солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын нэгдсэн систем болон эм хангамжийн байгууллагын дотоод систем хооронд мэдээлэл солилцох үйл ажиллагааг эхлүүлж байна.

Эм хангамжийн байгууллагууд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу эмийн бүртгэл, худалдаа, нөөцийн мэдээллийг цахим хэлбэрээр нэгтгэн мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэхүү ажлын хүрээнд мэдээлэл солилцох API үйлчилгээ нэвтрүүлж байна.

Тус ажлыг хэрэгжүүлэх хүрээнд:

Эмийн борлуулалтын мэдээллийн API;

Эмийн сангийн байршил, салбар болон POS мэдээллийн API; үйлчилгээнүүдийг ашиглалтад оруулж, байгууллагуудын программ хангамжийг нэгдсэн системтэй холбох боломж бүрдэж байна.

Мэдээлэл солилцох техникийн заавар, API баримт бичгийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын цахим хуудсанд байршуулсан бөгөөд эм хангамжийн байгууллагууд болон программ хангамж хөгжүүлэгч байгууллагууд шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ажиллахыг зөвлөж байна.

Энэхүү арга хэмжээ нь эмийн нийлүүлэлтийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, эмийн эргэлт хөдөлгөөнд хяналт тавих, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Захиргаа, удирдлагын газар

Инженер Т.Чойжамц

Утас: 51-260182