Долутегравир (Dolutegravir) ба бэлгийн үйл ажиллагааны алдагдал

Долутегравир (DTG) нь интегразыг дарангуйлагч бөгөөд хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийг тээгч хүмүүст зориулсан нэг болон хоёрдугаар шатны эмчилгээнд хоёр нуклеозидын транскриптазыг дарангуйлагч эмтэй хослуулан хэрэглэхийг зөвлөдөг. Өмнөх судалгаанууд DTG агуулсан схемээр эмчилгээг эхэлсний дараа бэлгийн үйл ажиллагааны алдагдал (sexual dysfunction, SD) илэрч эхэлсэн эмчлүүлэгчдийн тохиолдлуудыг мэдээлж байжээ.

Энэхүү дүн шинжилгээнд 2023 оны 4 дүгээр сарын 11-ний байдлаар VigiBase-д бүртгэгдсэн 334 тохиолдлыг хамруулсан бөгөөд тэдгээрт DTG-ийг сэжиглэгдэж буй эсвэл харилцан үйлчилж буй эм гэж үзсэн ба Стандартчилсан MedDRA Асуулга (Standardised MedDRA Query - SMQ)-ын хүрээнд бүртгэгдсэн бэлгийн үйл ажиллагааны алдагдалтай холбоотой гаж нөлөөг мөн хамруулсан байна. Эдгээр тохиолдлын 85 хувь нь ДЭМБ-ын Африкийн бүсийн орнуудаас мэдээлэгдсэн бөгөөд 18–65 насны эрэгтэй, эмэгтэй эмчлүүлэгчид голлон хамрагджээ. Эдгээр үр дүн нь статистикийн хувьд ач холбогдолтой зөрүү буюу диспропорциональ хамаарал (disproportionality)-аар баталгаажсан бөгөөд өөр өөр мэдрэг байдлын (sensitivity) шинжилгээгээр ялган үнэлэхэд ч тогтвортой байжээ.
Мөн зарим тохиолдолд
DTG-ийн эмчилгээг зогсоох буюу өөр антиретровирусийн эмчилгээ рүү шилжсэний дараа бэлгийн үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдэг намдах эсвэл бүрэн арилах жишээнүүд бүртгэгдсэн байна. Бэлгийн үйл ажиллагааны алдагдлын үүсэл, шалтгаан олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд энэхүү алдагдалд нөлөөлж буй DTG-ийн үүргийг тодруулах нэмэлт судалгаа шаардлагатай.

Энэхүү эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болно.