Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян эхэллээ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сард Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяныг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг.

Энэ жил өмнөх жилүүдийн адил 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 29.4.3 дахь хэсэгт жороор олгох эмийг цаасан, эсхүл цахим жорын кодоор олгоно гэж заасан.

Эмийн жорыг цахимаар бичих нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмийн хэрэглээнд хяналт тавих, эмийн жорыг стандартын дагуу зөв бичих, эмч нарын жор бичих цаг хугацаа, цаасыг хэмнэх болон иргэдэд эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу эм авахад төвөггүй, хурдан шуурхай байдлыг бий болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.

Иймд бид энэ жилийн аяныг “ЦАХИМ ЖОР ЦАГ ХЭМНЭНЭ!”  уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Нийт эрүүл мэндийн байгууллагуудаа Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аянд нэгдэн идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.