Эм хангамжийн байгууллагуудад чиглэл хүргүүлэх тухай!!!

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38, 30 дугаар тогтоолыг тус тус үндэслэн иргэд, эрүүл мэндийн байгууллагыг чанарын баталгаатай, аюулгүй эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтүй, жигд хүртээмжтэй хангах зорилгоор төрийн мэдээлэл солилцооны систем (ХУР)-ээр дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан зэрэг хангамжийн байгууллагын шатлал бүрд эмийн нэр төрөл, үнэ, цувралын мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сангийн хөгжүүлэлтийг үе шаттай хийж байна. 

Эм хангамжийн байгууллага нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.5, 11.1.6, 11.1.7, 47 дугаар зүйлийн 47.12, 47.13-т заасан цахим мэдээллийн нэгдсэн санд эм, эмнэлгийн хэрэгслийн хамгийн бага хэмжих нэгж, түүний суурь үнэ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийг тухай бүр байршуулах, үнийн ил тод байдлыг хангах үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

 Иймд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах үүднээс хэрэглэж байгаа кассын программ хөгжүүлэгч байгууллагуудтай хамтран цахим төлбөрийн баримтын системд эмийн цувралын дугаар, хүчинтэй хугацааны мэдээллийг илгээж, иргэнд очих и-баримтад хэвлэх хөгжүүлэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийнэ үү.