ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН XI, ХҮҮХДИЙН ЗАЙЛШГҮЙ
ШААРДЛАГАТАЙ ЭМИЙН IV ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад эмчилгээний үр дүн, аюулгүй байдал нь нотлогдсон, тухайн улсын хүн амын өвчлөл, нийгмийн эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн тэргүүнд хэрэглэгддэг, нотолгоонд тулгуурлан сонгосон, боломжийн үнэтэй эмийг хамруулдаг.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (2024 оны шинэчилсэн найруулга)
4.1.13."зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт" гэж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн тэргүүнд хэрэглэхээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан эм, эмнэлгийн хэрэгслийн нэрсийг;
31 дүгээр зүйл. Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт
31.1.Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хоёр жил тутамд шинэчлэн батална.
31.2.Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалтыг боловсруулахдаа Эмийн эмчилгээний хороо, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөл, Эмийн зөвлөлийн саналыг авсан байна.
31.3.Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг сонгоход дараах зарчмыг баримтална. (9 дэд заалт)
31.3.1.чанар, аюулгүй байдал, эмчилгээний идэвх нотлогдсон байх;
31.3.2.эмнэлгийн тусламж, үйлчилгээний шатлал бүрд үзүүлэх оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд нэн тэргүүнд хэрэглэгдэх эм, эмнэлгийн хэрэгсэл байх;
31.3.3.эмнэлзүйн удирдамжид заасан байх;
31.3.4.хүн амын өвчлөлийн байдал, эмнэлзүйн хэрэгцээнд тохирсон байх;
31.3.5.дан найрлагатай, ерөнхий нэршлийн эмийг чухалчлах;
31.3.6.эмчилгээний идэвх, эдийн засгийн эрсдэл, үр ашгийг тооцсон байх;
31.3.7.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын загвар жагсаалтыг харгалзах;
31.3.8.нийлмэл найрлагатай эмийг сонгох тохиолдолд эмийн үйлчлэгч бодисыг дан найрлагаар хэрэглэснээс давуу болохыг нотолсон байх;
31.3.9.нотолгоонд суурилсан, хараат бус мэдээллийн олон эх сурвалж ашигласан байх.
31.4.Зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг сонгохдоо энэ хуулийн 31.3-т заасан зарчмын 70-аас дээш хувийг хангасан байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь ЗШЭ-ийн XI, хүүхдийн ЗШЭ-ийн IV жагсаалтын төслийг боловсруулж байгаа бөгөөд доорх 9 зарчмыг үндэслэн дараах 17 шалгуурын дагуу холбогдох материалыг цаасаар болон цахимаар (info@mmra.gov.mn) 2025 оны 05 сарын 25-ны дотор хүлээн авна.
Саналын материалыг ирүүлэхдээ анхаарах зүйлс:
- Албан хүсэлт (шаардлагатай тохиолдолд холбоо барих утасны дугаарыг заавал тусгах);
- Материалыг дугаарлан, товьёг хийсэн байх;
- Шалгуурт заасан баримт, нотолгооны мэдээлэл тодорхой ойлгомжтой байх;
- Материалд эх сурвалжийн мэдээллийг заавал оруулах.