ЭМИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ №05/2024
Финланд улсын Эмийн агентлагаас 2024 оны 7-р сард хуурамч Оксиморфоны гидрохлоридын 40мг шахмал эмийг зохицуулалтгүй нийлүүлэлтийн сүлжээнд илрүүлсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн байна.
Оксиморфоны гидрохлорид нь дунд зэргийн хүчтэй өвдөлтийг эмчлэхэд хэрэглэгддэг хагас нийлэг опийн бүлгийн бодис юм. Лабораторийн шинжилгээгээр уг бүтээгдэхүүнд метонитазен агуулагдаж байсан нь тогтоогдсон.
Метонитазен нь хүчтэй сэтгэцэд нөлөөт опийн бүлгийн бодис бөгөөд албан ёсоор эмийн болон эмчилгээний зориулалтаар хэрэглэх нь зөвшөөрөгдөөгүй. Энэ бодис нь 2021 онд гаргасан ДЭМБ-ын “Эмийн хамаарлын шинжээчдийн хороо”-ны зөвлөмжийн дагуу мансууруулах бодисын I жагсаалтад багтаж, олон улсын хяналтад байдаг байна. Бага тунгаар хэрэглэх нь амьсгалын дутагдал, хүчтэй тайвшруулах, донтох зэрэг гаж нөлөө үзүүлэх ба хэтрүүлэн хэрэглэх нь үхэлд хүргэж болзошгүй.
Энэхүү хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних вэ?
Энэ бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, эх сурвалжийг санаатайгаар буруу мэдээлсэн тул хуурамч бүтээгдэхүүн гэж тогтоосон. Уг бүтээгдэхүүнийг AUROLIFE PHARMA ХХК-ийн зах зээлд гаргадаг Оксиморфоны гидрохлоридыг дуурайлган хийсэн бөгөөд тус компани үйлдвэрлээгүй болохыг баталсан.
Энэхүү хуурамч бүтээгдэхүүнийг танихын тулд дараах байдлаар шалгана.
• Хуурамч хувилбарын анхдагч савлагааны хаяг дээр бар код байхгүй.
• Хуурамч хувилбарын савлагаан дээр 40мг гэж бичигдсэн. AUROLIFE PHARMA
үйлдвэрлэгчийн Оксиморфоны гидрохлорид нь зөвхөн 5мг ба 10мг тунтай байна.
• Шахмалын хуурамч хувилбаруудад товойсон үсэг/тоо байхгүй.
• Хуурамч бүтээгдэхүүний шошгон дээр АНУ-ын үндэсний эмийн код байхгүй.
Хуурамч бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү сэрэмжлүүлгийн хавсралтаас харна уу.
Эрсдэл
Энэхүү хуурамч бүтээгдэхүүн нь АНУ-ын Эм, Хүнсний агентлагаас зөвшөөрөгдсөн AUROLIFE PHARMA ХХК-ны Оксиморфоны гидрохлорид эмийг дуурайх зорилгоор санаатайгаар зохион бүтээгдсэн байж болзошгүй. Түүнд агуулагдах метонитазен нь бага тунгаар ч гэсэн сөрөг нөлөө үзүүлэх магадлал өндөр тул хэрэглэгчдэд эрсдэл ихтэй. Метонитазен нь бусад опийн бүлэгтэй төстэй нөлөө үзүүлдэг, их тунгаар хэрэглэх нь үхэлд хүргэх эрсдэлтэй.
Энэхүү хуурамч бүтээгдэхүүнийг хэрэглэх нь амь насанд аюул учруулж болзошгүй.
Эмнэлгийн мэргэжилтнүүд, Эмийн зохицуулалтын байгууллагууд, олон нийтэд өгөх зөвлөгөө
Эмнэлгийн мэргэжилтнүүд аливаа гаж нөлөө, эмчилгээ үр дүн муутай байх, хуурамч хэмээн сэжиглэсэн тохиолдлын талаар Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой. ДЭМБ эдгээр хуурамч бүтээгдэхүүнд өртөж болзошгүй улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээнд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Мөн албан бус болон зохицуулалтгүй зах зээлд тавих хяналтыг нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
Хэрвээ та болон таны таньдаг хэн нэгэн уг бүтээгдэхүүнийг хэрэглэсэн буюу хэрэглэсэн байж магадгүй, эсвэл хэрэглэснээр урьдчилан таамаглаагүй гаж нөлөө илэрсэн бол эмнэлгийн мэргэжилтэнд хандахыг зөвлөж байна. Бүх бүтээгдэхүүнийг эрх бүхий/лицензтэй ханган нийлүүлэгчдээс авах ёстой.
Хүснэгт 1. ДЭМБ-ын сэрэмжлүүлэг №05/2024
Бүтээгдэхүүний нэр | Oxymorphone Hydrochloride 40mg |
Үйлдвэрлэгч | Aurobindo Pharma Limited, Hyderabad-500 038, India |
Цувралын дугаар | H20330826 |
Хүчинтэй хугацаа | 08/2026 |
Илэрсэн улс | Финланд |
Илэрсэн байдал | |
Монгол Улсын эмийн бүртгэлд Оксиморфоны гидрохлорид агуулсан эм бүртгэгдээгүй болно.
Дээрх сэрэмжлүүлэгт дурьдсан бүтээгдэхүүн зах зээлд худалдаалагдаж байвал мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Эмийн аюулгүй байдал, тандалт судалгааны газарт ирүүлнэ үү.