Техникийн комиссын ажиллах журмын төсөлд санал авч байна.
"Техникийн комиссын ажиллах журам"-ын төсөлтэй танилцаж, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор enkhsuren@mmra.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын
газрын даргын 2023 оны ... дугаар сарын ... өдрийн
..... дугаар тушаалын хавсралт
ТЕХНИКИЙН КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцад батлагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, зээл, хандив тусламж, гүйцэтгэлийн санхүүжилтээр байгууллагын өөрийн олсон орлогын хүрээнд худалдан авалтаар нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийг ашиглах эрүүл мэндийн байгууллага (цаашид ашиглагч гэх)-ын хүлээн авах комисс ажиллахаас өмнө худалдан авах гэрээ, нийлүүлэгчийн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхийг хянан техникийн комиссын урьдчилсан дүгнэлт гаргах үйл ажиллагаанд баримтална.
1.2 Техникийн комисс нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхэд хяналт, туршилт хийж, үр дүнг тусгасан урьдчилсан дүгнэлт гаргана.
1.3 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт ашиглагч байгууллагын тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын актыг орлохгүй.
Хоёр. Техникийн комиссын бүтэц, үйл ажиллагааны
зохион байгуулалт
2.1 Техникийн комисс нь комиссын дарга, нарийн бичгийн дарга болон гишүүн холбогдох мэргэжилтнээс бүрдсэн байна.
2.2 Техникийн комисс үйл ажиллагаандаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай, Хэмжил зүйн тухай хууль, Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам, Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журмыг тус тус удирдлага болгон ажиллана.
2.3 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт гаргуулах ханган нийлүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэгч байгууллага (цаашид нийлүүлэгч гэх) Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газарт E-Mongolia төрийн цахим системээр албан хүсэлт ирүүлнэ.
2.5 Нийлүүлэгч гэрээнд заасан тоног төхөөрөмжийг хэсэгчлэн урьдчилсан дүгнэлт гаргуулах хүсэлт ирүүлж болно.
2.6 Албан хүсэлтэд захиалагчтай хийсэн гэрээний нэр, урьдчилсан дүгнэлт гаргуулах тоног төхөөрөмжийн нэр төрөл, тоо ширхэг, хариуцсан ажилтны нэр, холбогдох утасны дугаарыг тусгасан байна.
2.7 E-Mongolia төрийн цахим системээр ирүүлсэн материал дутуу бол хүсэлтийг буцаана. Буцааснаас хойш ажлын 5 хоногийн дотор материалыг гүйцэт ирүүлээгүй тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцох ба нийлүүлэгч дахин хүсэлт ирүүлнэ.
2.8 Техникийн комисс нийлүүлэгчээс ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор нийлүүлэгчийн товлосон объектод очиж тоног төхөөрөмжтэй танилцана.
2.9 Гэрээнд тусгагдсан тоног төхөөрөмж, нийлүүлэгчийн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, марк модел, техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулсан тохиолдолд гэрээний нэмэлт өөрчлөлтөд үндэслэн урьдчилсан дүгнэлт гаргана.
2.10 Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн техникийн тодорхойлолт хангаж буй эсэхийг хянахдаа дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
2.10.1 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн татан авалт, нийлүүлэлтийн явц, хадгалалтын нөхцөл болон бүрэн бүтэн байдалтай танилцаж, иж бүрдэл, дагалдах хэрэгслийг гэрээний дагуу нийлүүлэгдсэн эсэхийг хянана.
2.10.2 Тоног төхөөрөмжийн гэрээнд тусгагдсан техникийн тодорхойлолтыг дагалдан ирсэн техникийн бичиг баримттай тулгалт хийнэ.
2.10.3 Шаардлагатай тохиолдолд холбогдох журмын дагуу эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга хийнэ.
2.10.4 Эмнэлгийн тоног төхөөрөмжийн Монгол хэл дээр хөрвүүлсэн ашиглалт, аюулгүй ажиллагааны гарын авлага, баталгааны хуудас, хугацаат сэлбэг хэрэгслийн жагсаалт, түүний үнийн санал болон сургалтын хөтөлбөр, хуваарийн бүрдлийг хянана. Баталгааны хуудсанд баталгаат засвар үйлчилгээний хугацаа, нөхцөл, үзүүлэх үйлчилгээ болон ажлын хуваарь зэргийг тусгана.
2.11 Хяналтын явцад захиалагч болон нийлүүлэгчээс тодруулга авах, нийлүүлэгч хүсэлт гаргасан тохиолдолд урьдчилсан дүгнэлт гаргах хугацааг ажлын 5 хоногоор сунгана.
2.12 Хяналтаар гэрээний дагуу тоног төхөөрөмжийн татан авалт хийгдсэн, техникийн тодорхойлолт хангасан, ашиглагч байгууллагад хүлээлгэн өгөхөд бэлэн болсон эсэх талаар дараах зүйлсийг урьдчилсан дүгнэлтэд тусгана. Үүнд:
2.12.1 Овор хэмжээтэй, олон хуваагдан савлагдсан тоног төхөөрөмжид хяналт хийхдээ гаалийн мэдүүлэг болон бусад баримт бичигт үндэслэн урьдчилсан дүгнэлт гаргах бөгөөд энэ талаар дүгнэлтэд дурдана.
2.12.2 Энэхүү журмын 2.12.1-д заасан тоног төхөөрөмжийг суурилагдсаны дараа ашиглагч байгууллага марк модель, техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авч, хүлээн авсан актыг ажлын 14 хоногт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газарт хүргүүлнэ.
2.12.3 Нийлүүлэгдэж буй тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, марк модель, техникийн тодорхойлолт, дагалдах сэлбэг хэрэгсэл гэрээнд тусгагдсанаас өөр байгаа болон тоо ширхэг дутсан тохиолдолд тухайн тоног төхөөрөмжийг шаардлага хангаагүй гэж үзэх ба энэ талаар урьдчилсан дүгнэлтэд тусгана.
2.12.4 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг гурав хувь үйлдэж, дүгнэлтэд комиссын гишүүн болон нийлүүлэгч талын төлөөлөл гарын үсэг зурж, тэмдэг дарснаар баталгаажна.
2.12.5 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийн төслийг нийлүүлэгчид хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дотор гарын үсэг зурж ирүүлээгүй тохиолдолд урьдчилсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцон комиссын гишүүд зурж баталгаажуулах ба техникийн комиссын шийдвэрийг өөрчлөхгүй.
Гурав. Техникийн комиссын даргын эрх, үүрэг
3.1 Техникийн комиссын хурлыг хуралдуулж, хурлыг удирдана.
3.2 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг хянаж, баталгаажуулна.
3.3 Урьдчилсан дүгнэлт гаргах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хурлаар шийдвэрлэнэ.
3.4 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийн хүсэлтийг хуваарилна.
3.5 Гишүүнд үүрэг өгч, биелэлтэд хяналт тавина.
Дөрөв. Техникийн комиссын нарийн бичгийн дарга,
гишүүний эрх, үүрэг
4.1 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн хүсэлтийг нарийн бичгийн дарга бүртгэнэ.
4.2 Шаардлагатай тохиолдолд Техникийн комиссын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг орлон ажиллана.
4.3 Техникийн комиссын даргын хуваарьласны дагуу нийлүүлэгчийн товлосон объектод очиж гэрээ, нийлүүлэгчийн нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, марк модел, техникийн тодорхойлолтыг хангаж буй эсэхэд хяналт, шаардлагатай тохиолдолд шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулга хийнэ.
4.4 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг боловсруулахад шаардлагатай баримт бичгийг нийлүүлэгч байгууллагаас шаардана.
4.5 Техникийн комиссын хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга хөтөлнө.
4.6 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг боловсруулна.
4.7 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг хянаж, баталгаажуулна.
4.8 Баталгаажуулсан техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийн хоёр хувийг нийлүүлэгчид хүлээлгэн өгнө.
4.9 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийн нэг хувийг нарийн бичгийн дарга “Архивын тухай хууль”-ийн дагуу хадгаламжийн нэгж үүсгэн архивлана.
Тав. Захиалагч байгууллагын эрх, үүрэг
5.1 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг үндэслэн үйлдвэрлэгч, марк модель зөрчсөн, техникийн тодорхойлолтыг хангаагүй, бичиг баримтын бүрдэл болон тоо ширхэг дутуу тохиолдолд тоног төхөөрөмжийг хүлээн авахаас татгалзах, баталгаат хугацаанд гэмтэл илэрсэн тохиолдолд нийлүүлэгчээс тус тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй солих, засвар үйлчилгээ хийхийг шаардана.
5.2 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт гаргахтай холбоотой тендерийн баримт бичгийг техникийн комисст гаргаж өгнө.
5.3 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг нийлүүлэгчээс авна.
Зургаа. Нийлүүлэгчийн эрх, үүрэг
6.1 Техникийн комисс ажиллуулж, урьдчилсан дүгнэлт гаргуулахдаа дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
6.1.1 Гэрээнд заасан тоног төхөөрөмжийг бүгд эсвэл хэсэгчлэн нийлүүлэхэд бэлэн болсон тухай албан бичиг;
6.1.2 Батлагдсан тоног төхөөрөмж худалдан авах гэрээний хуулбар;
6.1.3 Нийлүүлэхээр санал болгосон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, марк модел, техникийн тодорхойлолт;
6.1.3 Баталгааны хуудас, хугацаат сэлбэг хэрэгслийн жагсаалт, түүний үнийн санал болон сургалтын хөтөлбөр, хуваарь (Нийлүүлэгчийн эрх бүхий албан тушаалтан баталсан байна);
6.1.4 Тухайн тоног төхөөрөмжийн Монгол хэл дээр хөрвүүлсэн ашиглалт, аюулгүй ажиллагааны гарын авлага;
6.2 Урьдчилсан дүгнэлтээр ашиглагчид хүлээн өгөхөөр шийдвэр гарсны дараа тухайн тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг бүрэн хийж, холбогдох сургалтыг зохион байгуулж, ашиглалтад бүрэн оруулсны дараа Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/344 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтын дагуу акт үйлдэж, хүлээлгэн өгнө.
6.3 Гэрээний дагуу нийлүүлж буй тоног төхөөрөмжийг угсралт, суурилуулалт болон сургалт хийх өрөө, тасалгаа болон бусад нөхцөлийг ашиглагч байгууллагаас шаардана.
6.4 Баталгаат засварын хугацаанд хийж, гүйцэтгэсэн урьдчилсан үзлэг, техникийн тодорхойлолт, урсгал засвар, засвар үйлчилгээний ажлын тайланг хагас (6 дугаар сарын 15), бүтэн жил (12 дугаар сарын 15)-ээр нэгтгэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын техникийн комисст ирүүлнэ.
6.5 Нийлүүлэгч техникийн комиссын гишүүдийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
6.6 Нийлүүлэгчийн баталсан баталгааны хуудас, хугацаат сэлбэг хэрэгслийн жагсаалт, түүний үнийн санал болон сургалтын хөтөлбөр, хуваарийг урьдчилсан дүгнэлтэд хавсаргана.
Долоо. Ашиглагчийн эрх, үүрэг
7.1 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлтийг нийлүүлэгчээс авч, түүнд дурдсан үүргийг биелүүлэхийг шаардана.
7.2 Техникийн комиссын урьдчилсан дүгнэлт, захиалагч болон нийлүүлэгч хооронд байгуулсан гэрээ, холбогдох хууль тогтоомж зэргийг үндэслэн тоног төхөөрөмжийг хүлээн авах комисс байгуулан, Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/344 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтын дагуу акт үйлдэж, хүлээн авна.
7.3 Энэхүү журмын 2.14.1-д заасны дагуу тоног төхөөрөмжийг суурилагдсаны дараа ашиглагч байгууллага марк модель, техникийн тодорхойлолтын дагуу хүлээн авч, хүлээн авсан актыг ажлын 14 хоногт багтаан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газарт хүргүүлнэ.
--ооОоо--