Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журам

"Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журам"-ын төсөлтэй танилцаж, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дотор enkhsuren@mmra.gov.mn цахим хаягаар саналаа ирүүлнэ үү.


Эрүүл мэндийн сайдын

2023 оны .... сарын … өдрийн

.…..... дугаар тушаалын хавсралт

 

Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх  

байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.       Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага /цаашид ханган нийлүүлэх байгууллага гэх/-ын бүтэц, үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлагыг энэхүү журмаар зохицуулна.

1.2.       Энэхүү журмыг эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, хоёр ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан ханган нийлүүлэх байгууллагын бүтэц, үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, хянан шалгахад мөрдлөг болгоно.

 

Хоёр. Нэр томьёо, тодорхойлолт

2.1.       “Эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж өвчин, эмгэг, согогийг оношлох, шинжлэх, эмчлэх, хянах, сэргээн засахад хэрэглэгдэх, мэргэжлийн үйл ажиллагаа шаардлагатай бие даасан ажиллагаа бүхий иж бүрэн бүтээгдэхүүнийг;”

2.2.       “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл” гэж эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, сайжруулахад шаардлагатай бүтээгдэхүүнийг;

2.3.       “Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх байгууллага” гэж эрүүл мэндийн байгууллагыг аюулгүй, найдвартай, чанарын баталгаатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

2.4.       “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер” гэж техникийн болон бусад их, дээд сургууль төгсөж, дээд (бакалавр, магистр, доктор) боловсролтой эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, физикч, электроникч, цахилгааны инженер болон түүнтэй дүйцэхүйц мэргэжил эзэмшсэн инженерийг;

2.5.       “Агуулах” гэж үйлдвэрлэгчийн заасан хадгалалтын горимд нийцүүлэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн  чанарыг алдагдуулахгүйгээр хадгалах зориулалтын байрыг;

 

Гурав. Удирдлага, бүтэц, зохион байгуулалт

3.1         Ханган нийлүүлэх байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер болон бизнесийн удирдлагаар суралцсан менежер удирдана.

3.2         Ханган нийлүүлэх байгууллага өөрийн үйл ажиллагаандаа тохирсон бүтэц зохион байгуулалт, ажилчдын эрх үүрэг, хариуцлага, тэдгээрийн үйл ажиллагааны харилцан уялдааг нарийвчлан тогтоож, дотоод журмаар баталсан байна.

3.3         Ханган нийлүүлэх байгууллага захиргаа, санхүүгийн, борлуулалт, маркетингийн, инженер, техникийн гэсэн үйл ажиллагааны чиглэлээр үндсэн нэгжтэй байна.

3.4         Нэгжүүдийг зааглаж, хаягжуулсан байна.

3.5         Байгууллагын удирдлага инженер, техникийн ажилтнуудыг тогтмол чадавхжуулах сургалтад хамруулж, бүртгэл хөтөлсөн байна.

3.6         Удирдах болон инженер техникийн ажилтнууд үндсэн үүргээ биелүүлэх, хэрэгжүүлж буй чанарын тогтолцооноос гарч болох алдаа дутагдлыг илрүүлж түүнийг засаж залруулахад шаардлагатай арга хэмжээг авах эрх мэдэлтэй байна.

3.7         Ажилтны хүлээсэн үүрэг нь эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, дагалдах хэрэгслийн чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэлийг үүсгэхээргүй байна.

3.8         Ханган нийлүүлэх байгууллага олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжийг импортлоно.

3.9         Ханган нийлүүлэх байгууллага үйл ажиллагааны онцлогт тохирсон аюулгүй ажиллагааны зааврыг боловсруулж ажлын байранд мөрдөнө.

3.10      Эмнэлгийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, дагалдах хэрэгслийн импортын болон борлуулалтын тайланг эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хагас, бүтэн жилээр гаргаж, өгнө.

 

Дөрөв. Хүний нөөц

4.1      Ханган нийлүүлэх байгууллагын мэргэжлийн үйл ажиллагааг эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гүйцэтгэнэ.

4.2      Ханган нийлүүлэх байгууллагад 2-оос доошгүй мэргэжлийн хүн дараах ажлын байранд ажиллана. Үүнд:

4.2.1 Захиалга хүлээн авах, борлуулахад худалдааны менежер ажиллана.

4.2.2 Эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулах, засвар үйлчилгээ хийх, тохируулах, шалгахад эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер ажиллана.

4.2.3 Зөвлөх эсвэл мэргэшсэн инженертэй байна.

4.3      Ажил олгогч хүний нөөцийг хөдөлмөрийн хуулийн дагуу ажиллах нөхцөлөөр хангасан байх ба ажлын байр, хөдөлмөрийн нөхцөл, гүйцэтгэх ажил, үүргийг тусгасан хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, байгууллагын захиргаанаас баталгаажуулсан байна.

4.4      Хүний нөөцийг чадавхжуулах анхан шатны болон давтан, тасралтгүй сургалтад хамруулсан байна.

4.5      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр хүний нөөцийг чадавхжуулах сургалт, түүнтэй холбоотой мэдээллийг бүрдүүлэн Захиргаа, санхүүгийн нэгжид хадгална.

4.6      Ажил үүргээ гүйцэтгэхэд тохиромжтой ажлын хувцсаар хүний нөөцийг хангана.

4.7      Хүний нөөц баталгаажсан албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээтэй байна.

4.8      Гэрээт болон түр ажилтны асуудлыг байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, журмын дагуу зохицуулна.

Тав. Байр, агуулах

5.1      Байгууллагын нэр, өмчийн хэлбэр, харилцах утас бүхий мэдээлэл агуулсан хаягтай байна.

5.2      Төвлөрсөн болон хэсгийн цахилгаан, дулаан, усан хангамжийн системд холбогдсон үйл ажиллагаа явуулах 50 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий байртай байна.

5.3      Өрөө, тасалгаа нь байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг, ердийн эсвэл нэгдсэн агааржуулалт системтэй байна.  

5.4      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх боломжтой, засварын багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан тоног төхөөрөмжийн засварын өрөөтэй байна.

5.5      Барааг ачиж, буулгах, хадгалах, агуулахад хүрэлцэхүйц хэмжээний талбайтай, үйлдвэрлэгчийн заасан температур, чийгшлийг хангасан нөхцөлтэй байна.

 

Зургаа. Үйл ажиллагаа, үүрэг, хариуцлага

6.1      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарт тавих дотоодын хяналтыг борлуулалт, маркетинг болон инженер техникийн баг хариуцна.

6.2      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хадгалалт, тээвэрлэлтийг тэдгээрийн чанар, үйл ажиллагаа, аюулгүй байдлыг алдагдуулахгүй байхаар зохион байгуулна.

6.3      Эмнэлгийн тоног төхөөрөмжийг тээвэрлэхдээ зориулалтын жийргэвчтэй хайрцагт байрлуулах ба хаяг, бүтээгдэхүүний нэр, жин болон бусад тээвэрлэхэд шаардлагатай мэдээллийг хайрцаг дээр англи эсвэл монгол хэл дээр бичнэ.

6.4      Гуравдагч этгээдээр тээвэрлэлт хийлгэх тохиолдолд хүлээн авагчийн нэр, хаяг болон дээрх тээвэрлэлтийн мэдээллийг монгол хэл дээр бичнэ. 

6.5      Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чанарын баталгааг үйлдвэрлэгчтэй хийсэн бараа худалдан авах гэрээ, итгэмжлэгдсэн гэрээт борлуулагч болохыг нотолсон баталгаажуулах албан бичиг, үйлдвэрлэгч болон бүтээгдэхүүн олон улсын стандартын шаардлага хангасан тухай гэрчилгээ (ISO, CE), нийлүүлж буй эмнэлгийн тоног төхөөрөмжийг холбогдох хэмжил зүйн байгууллагын хийсэн дүгнэлтээр нотлогдоно.

6.6      Үйлдвэрлэгч тодорхой бус чанарын баталгаагүй, хуурамч эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэхийг хориглоно.

6.7      Эмнэлгийн тоног төхөөрөмжийг хэрэглэгч байгууллагад хүлээлгэн өгөхдөө суурилуулсан болон сургалт хийсэн акт үйлдэнэ.

6.8      Хэрэглэгч байгууллагад эмчилгээ, оношилгооны шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон эмнэлгийн тоног төхөөрөмжийг сонгон авах, түүнийг хэрэглэх, техник үйлчилгээг хэрхэн хийх зэрэг талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

6.9      Тээвэрлэлтийн явцад эвдэрсэн, үйл ажиллагаа доголдсон эмнэлгийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийг хориглоно.

6.10   Ханган нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжид хоёр жилийн баталгаа өгч гэрээ хийх ба баталгаат хугацаанд эвдэрсэн тоног төхөөрөмж болон чанарын шаардлага хангахгүй байгаа бараанд хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй бол засвар үйлчилгээ, тохируулгыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.

6.11   Загвар хуучирсан болон үйлдвэрлэснээс хойш гурваас дээш жил ашиглагдаагүй хадгалагдаж байсан эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаалах тохиолдолд шинэ технологийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн үнээс доогуур үнэлэх чиглэл баримтална.

6.12   Ханган нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгсэл, болон урвалж бодис, хяналт тохируулгын материалаар тасралтгүй хангах асуудлыг хариуцаж эрүүл мэндийн байгууллагатай бараа үйлчилгээ нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллана.

6.13   Шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжийн сэлбэг, дагалдах хэрэгслийн нөөцийг тогтмол бүрдүүлнэ.

6.14   Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх бүрд хэрэглэгч байгууллагын эмч, инженер, техникийн ажилтанд ашиглалт болон техник үйлчилгээний сургалт хийж, нотлох баримтыг бүрдүүлнэ.

6.15   Өртөг өндөртэй эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх тохиолдолд  засвар үйлчилгээг хийж гүйцэтгэх чадамжтай, тухайн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникчийг үйлдвэрлэгчийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалтад хамруулна.

6.16   Өөрийн байгууллагын инженер, техникийн ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэхэд байнга анхаарна.

6.17   Ханган нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэрэглэгчийн болон засвар үйлчилгээний гарын авлагын цахим номын санг бүрдүүлнэ.

6.18   Төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай хамтран ашиглалт, аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээний сургалтыг тогтмол зохион байгуулна.

 

 

--ооОоо--