Бичил биетний тэсвэржилтийн эсрэг мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 7 хоногийн аян эхэлж байна.
Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” жил бүрийн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 24-ний өдрүүдэд дэлхий даяар зохион байгуулагддаг.
Энэ арга хэмжээг ДЭМБ, НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр зэрэг олон улсын 4 байгууллагаас зохион байгуулж дэлхий нийтээр уламжлал болгон тэмдэглэдэг.
Тус аяны гол зорилго нь бичил биетний тэсвэржилтийн талаар хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт, эмнэлгийн мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжихэд оршино.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ. Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.
2022 оны аянд “Бичил биетний тэсвэржилтээс хамтдаа сэргийлье” уриатайгаар НЭГ ЭРҮҮЛ МЭНД концепцийн хүрээнд Монгол улсын хүн, малын эрүүл мэнд, байгаль орчны салбарууд хамтран оролцоно. Аяны хүрээнд иргэдэд чиглэсэн мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд болон нийгмийн сүлжээгээр түгээх, АШУҮИС ба ХААИС-тай хамтран төгсөх дамжааны оюутнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг сургалт зохион байгуулах, Боловсролын ерөнхий газартай хамтран ЕБС-ын сурагчдад мэдээлэл өгөх, олон салбарын оролцоог хангах зорилгоор салбар дундын хорооны анхны уулзалтыг зохион байгуулах болон бусад мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.