Коронавируст цар тахлын үеийн вирусийн эсрэг эмийн үр нөлөө, эрсдлийн үнэлгээг боловсруулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь Ковид-19 цар тахлын үед вирусийн эсрэг эмийн үр нөлөө, аюулгүй байдлын тандалт судалгааг явуулах зорилгоор АШУҮИС, ХӨСҮТ, УГТЭ болон АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэгтэй хамтран ажиллахаар боллоо. Уг судалгааны ажлын хүрээнд ЭЭХХЗГ-ын удирдлагууд, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газрын мэргэжилтнүүд, эмнэлгийн дарга нар болон зөвлөх багийн эрдэмтдийн нэгдсэн цахим хурал болж судалгааны зохион байгуулалт, нэгдсэн төлөвлөгөө, арга аргачлалын талаар санал солилцов. Хамтарсан судалгааны үр дүнд хүн амыг эмчилгээний өндөр идэвхтэй эмээр хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит үр нөлөөг сайжруулах нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн холбогдох эмчилгээ, оношилгооны удирдамжийг шинэчлэхэд дээрх судалгааны үзүүлэлтүүд чухал нотолгоо болно гэдгийг онцоллоо.