Цахим орчин дахь хууль бус эмийн зар сурталчилгааг зогсооно
Эмийг ашгийн төлөө “реклам”-дах нь эрүүл мэндэд тань асар их эрсдэл учруулж болзошгүй. Ийм ч учраас Зар сурталчилгааны тухай хуулинд “олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зөвхөн жоргүй олгох эмийн талаар болон эмийн зохистой хэрэглээг сурталчилна” гэсэн заалт бий. Монгол улсад албан ёсны бүртгэлтэй, жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны агуулгыг бүхэлд нь Эм судлалын салбар зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог.
Гэтэл бүртгэлгүй, зөвшөөрөлгүй эмийн хууль бус зар сурталчилгаагаар дамжуулж иргэдийг төөрөгдүүлэх, буруу, ташаа мэдээлэл түгээх, эд хөрөнгө болон эрүүл мэндийн хохирол учруулах үйлдлүүд цахим орчинд газар авч байгаа тул ЭЭХХЗГ-аас “Эмийг ЗАР-аар биш, ЖОР-оор хэрэглэе” зорилтот аянг эхлүүлсэн. Аяны хүрээнд, фэйсбүүк дэх хувь хүн, албан байгууллагуудын хаягаар нийтэлсэн, хууль зөрчсөн дээрх тохиолдлуудыг баримтжуулж, холбогдох байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг авахаар ажиллаж байна. Тодруулбал, коронавируст цар тахлын үед вирусийн эсрэг зарим эмийн хэрэглээг эмчийн жоргүйгээр, хэт дур мэдэн сурталчилж, хэрэглэх зааврыг буруу, ташаа түгээх нь ихсэх боллоо. Эдгээр зар сурталчилгаа нь, Эрүүл мэндийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.15, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.4.1 дах заалт, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3.4.1, 13.4.2, Эрүүл мэндийн сайдын 2017 оны /А 407 дугаар/ Эм, эмнэлгийн хэрэгсэлд импорт, экспортын лиценз олгох журмын 1.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.
Иймд иргэд, олон нийтийг цахим орчинд түгээж буй, баттай бус эх сурвалжийн мэдээлэлд автахгүй байж, эм болон биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ЗАРаар биш, ЖОРоор хэрэглэхийг уриалж байна.