"Эмийн аюулгүй байдлын 7 хоног" аян амжилттай болж өндөрлөлөө.

УППСАЛА төвөөс жил бүр зарладаг “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДОЛОО ХОНОГ” аян 2023 оны 11 сарын 06-аас 12-ны өдрийн хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улсыг эгнээндээ нэгтгэн зохион байгуулагдсан.

Монгол Улс тус арга хэмжээнд 6 дахь жилдээ нэгдэж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын хэмжээнд өргөтгөсөн хэлбэрээр арга хэмжээ зохион байгуулсан.

Тус аянд фармаковижилансын нийт 400 гаруй оролцогч албан ёсоор бүртгүүлэн нэгдэж, эмийн гаж нөлөөний талаарх иргэд, эмнэлгийн мэргэжилтний ойлголт, мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллалаа. Мөн аймгийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, БОЭТ, дүүрэг, өрх, сум тосгоны эрүүл мэндийн төв, эмийн сан, салбар эм холбоод, эмзүйн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, төрөлжсөн, тусгай мэргэжлийн эмнэлэг, хувийн эмнэлэг, төлөөлөгчийн газрууд идэвх, санаачлагатай, бүтээлчээр оролцож эрүүл мэндийн 34 байгууллагаас тайлан ирүүлсэн байна. Ингэснээр Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/67 дугаар тушаал “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, үнэлэх, тайлагнах журам”-ын хэрэгжилт хангагдаж, иргэд, эмнэлгийн мэргэжилтний эмийн гаж нөлөөний талаарх ойлголт нэмэгдэх, фармаковижилансын оролцогч талуудын идэвх оролцоо сайжирах зэрэг олон үр дүн үзүүлсэн байна.