Апротинин (Гордокс) 100 000КИЕ/мл эмийн талаарх анхааруулга 2023.04.14 №01
Эмийн олон улсын нэршил: Апротинин
Худалдааны нэршил:Гордокс
Тун хэмжээ:100 000КИЕ
АТС код: B02AB01
Апротинин (Гордокс) 100 000 КИЕ эмийг нойр булчирхайн цочмог үрэвслийн эмчилгээнд хэрэглэн гаж нөлөөний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан ЭЭХХЗГ-ын Эмийн аюулгүй байдлын тандалт, судалгааны газраас тус эмийн хэрэглээний талаар идэвхтэй тандалтыг хэрэгжүүлж байна.
Тандалтын үр дүн, зохицуулалтын шийдвэр хараахан эцэслэж гараагүй байгаа тул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ЭЭХХЗГ-аас дараах анхааруулгыг хүргэж байна.
Гедеон Рихтер (Унгар улс) үйлдвэрлэгчийн Апротинин (Гордокс) эм нь 1999 онд Монгол улсын эмийн бүртгэлд анх бүртгэгдсэн ба тус эм нь протеаза хориглогч, цус тогтоох эмийн бүлэгт багтах ба цус алдахаас сэргийлэх, их хэмжээний цус алдах эрсдэлтэй аорт-коронар шунт тавих хагалгааны үед юүлэх цусны хэмжээг багасгах зорилгоор хэрэглэх заалттай байна.
Мөн баталгаажсан хэрэглэх зааварт “Нойр булчирхайн цочмог үрэвсэл”-д хэрэглэх тухай эмчилгээний заалт тусгагдаагүйгээс гадна, 2005 оны ЭМС-ын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 дугаар тушаалаар батлагдсан “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэлзүйн заавар”-т Апротинин эм ороогүй болохыг анхаарна уу.
Эмнэлгийн мэргэжилтний анхааралд:
• Эм хэрэглэхийн өмнө хэрэглэх заавартай сайтар танилцаж, хэрэглэх заалт, хориглох заалт, тун хэмжээ, эсрэг заалтыг баримтлах
• Заалтын дагуу хэрэглэх тохиолдолд өвчтний биеийн байдлыг сайтар үнэлсний үндсэн дээр эрсдэл-үр ашгийг тооцон, сорил тавьж хэрэглэх
• Эмчилгээ, оношилгооны удирдамж, зааврыг мөрдлөг болгох
• Гаж нөлөө илэрсэн тохиолдолд дараах холбоосоор мэдээлэх https://primaryreporting.who-umc.org/MN
Эм хангамжийн байгууллагын анхааралд:
• Үйлчлүүлэгчийг эмийн хэрэглэх зааврын талаар үнэн, зөв, бодит мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах
• Апротинин Гордокс эмийг заалтын бусаар хувь хүнд олгохгүй байх
Олон нийтийн анхааралд:
• Дур мэдэн нойр булчирхайн цочмог үрэвсэлд Гордокс эмийг хэрэглэхгүй байх
• Гэрийн нөхцөлд эрсдэл бүхий тарилгын эм хэрэглэхгүй байх
• Аливаа эм хэрэглэсэнтэй холбоотой илэрсэн гаж нөлөөг мэдээлэх
• Эмийн сан, эмнэлгийн мэргэжилтнээс эмийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг бүрэн авах
