Эм, биобэлдмэлийн хяналтын чиглэлээр БУЛГАН аймгийн хэмжээнд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
Булган аймгийн төв, 15 сум, 1 тосгонд үйл ажиллагаа явуулж байгаа нэгдсэн эмнэлэг, 16 сум, тосгоны, 2 өрхийн эрүүл мэндийн төв нийт 19 эмнэлэгт 3.1.2 кодтой “Эрүүл мэндийн байгууллагын эм зүйн тусламж үйлчилгээг шалгах”, 2 эм ханган нийлүүлэх байгууллагад 3.4 кодтой “Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний хадгалалт, түгээлтийг шалгах”, 34 эмийн санд 3.3 кодтой “Эмийн сангийн үйл ажиллагааг шалгах” хяналтын хуудсуудын хамаарах асуудлын хүрээнд шалгаж, эрсдэлийг үнэлэхэд нийт 55 байгууллагын 35 буюу 63.6 хувь нь “бага”, 17 буюу 31 хувь нь “дунд”, 3 буюу 5.4 хувь нь “их” эрсдэлтэй үнэлэгдсэн.

Мөн эмнэлэг, 2 эм ханган нийлүүлэх байгууллагын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц, хангамж, бэлэн байдал, ашиглалт, аюулгүй ажиллагаанд судалгаа хийж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангаж, тоног төхөөрмжийн аюулгүй ажиллагаа, цахилгааны ил утас зэргийг далдлах, ус болон бусад эрсдэлээс хамгаалж байрлуулах, эмийн хадгалалт, хэрэглээ, сонголтын талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Зөвлөн туслах үйлчилгээ, хяналт үнэлгээний явцад дотоод хяналт, боловсон хүчний хангамж, мэргэжлийн хүний нөөцийг мэргэшүүлэх, эмийн хэрэглээ, эмчилгээний алдаа дутагдлаас сэргийлэхэд чиглэсэн хийгдэж буй үйл ажиллагаа дутагдалтай, зарим эмнэлэгт эм, эмнэлгийн хэрэгслийг горимын дагуу хадгалаагүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй эм хадгалагдаж байсан зөрчлүүд илэрлээ.
Эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар 19 эмнэлэг тус бүрд 33 заалттай, 34 эмийн сан тус бүрд 45 заалттай, эм ханган нийлүүлэх байгууллага тус бүрд 31 заалттай нийт 55 зөвлөмжийг хүргүүлж, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан, нэр хаяг тодорхойгүй 10 нэрийн 45 ширхэг 28900 төгрөгийн эмийг газар дээр нь устгуулах арга хэмжээг авч, байгууллага тус бүрд шалгалтад хамрагдсан албан тушаалтныг оролцуулан хяналт үнэлгээний дүнг танилцуулсан бөгөөд Булган аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад хяналт үнэлгээний нэгдсэн дүнг хэлэлцүүлж, цахим сургалтыг зохион байгууллаа.

