“ИНОЗИН ПРАНОБЕКС” эмийн талаарх мэдээлэл
Монгол Улсын эмийн бүртгэлд инозин пранобекс (inosine pranobex) нь Польш улсын Gedeon Richter эмийн үйлдвэрийн Гроприносин (Groprinosin) худалдааны нэршилээр, Украйн улсын Farmak JSC эмийн үйлдвэрийн Гропивирин (Gropivirin) худалдааны нэршлээр 2012 болон 2021 онд бүртгэгдсэн, зөвхөн жороор олгодог, дэлхийн 16 орон үйлдвэрлэдэг эмийн бүтээгдэхүүн юм.
Дээрх эм нь манай орны Хүүхдийн өвчний цогц менежмент (ХӨЦМ) 2019, Томуугийн удирдамж 2019-2020, Ковид-19 өвчний эмчилгээ, оношилгооны түр заавар (ЭМС-ын 2022 оны 01 сарын 18-ны А/33 тоот тушаал)-т тус тус ороогүй.
Мөн түүнчлэн 2020 оноос манай улсын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хэрэглэж буй UpToDate олон улсын эмнэлзүйн удирдамжид инозин пранобекс эмийн талаарх мэдээлэл хангалтгүй бөгөөд АНУ-д хэрэглэдэггүй байна.
Инозин пранобекс нь цусанд шээсний хүчлийн хэмжээ ихэссэн, Тулай өвчин, бөөрний архаг дутагдал, жирэмсэн, хөхүүл эх, 1 нас хүрээгүй хүүхдэд хэрэглэхэд эсрэг заалттай.