Вакцин, түүний урвал хүндрэл, ач холбогдолтой холбоотой түгээмэл асуулт, хариулт
1. Вакцин аюулгүй юу?
Вакциныг практикт хэрэглэх зөвшөөрөл олгохоос өмнө туршилт, судалгааны олон үе шатаар дамжуулан чанар, аюулгүй байдлыг баталгаажуулдаг бөгөөд зах зээлд гарсны дараа үргэлжлүүлэн тогтмол хянаж байдаг.
Вакцин тариулсны дараа толгой өвдөх, халуурах, жихүүдэс хүрэх, тарьсан газар хөндүүрлэх, улайх зэрэг хариу урвал илрэх нь хүний биеийн дархлааны систем халдварын эсрэг идэвхжиж буйг илтгэх тул аюулгүй юм. Эдгээр нь хөнгөн явцтай, түр зуурын шинжтэй байдаг.
Маш ховор тохиолдолд буюу 10,000 хүнд 1-ээс бага тохиолдолд ноцтой урвал хүндрэл илэрч болдог.
2. Вакцины урвал, хүндрэл (Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл) гэж юу вэ?
Дархлаажуулалтын дараа хүний эрүүл мэндэд учирсан тогтвортой, эсхүл ноцтой хямралыг Дархлаажуулалтын дараах урвал хүндрэл буюу ДДУХ гэнэ. ДДУХ-ын шалтгаан нь дараах 5 төрөл байдаг. Үүнд:
1. Вакцины найрлагатай холбоотой урвал
2. Вакцины чанарын доголдолтой холбоотой урвал
3. Дархлаажуулалтын алдаатай холбоотой урвал
4. Дархлаажуулалтаас айж түгшсэнтэй холбоотой урвал
5. Дархлаажуулалттай давхцаж илэрсэн гаж тохиолдол
3. Вакцины урвал, хүндрэлийг хэрхэн мэдээлэх вэ?
Иргэн та өөрийн харъяа дархлаажуулалтын цэгтээ мэдээлээрэй.
Эмнэлгийн мэргэжилтэн ДДУХ-ийг бүртгэх мэдээлэх, тандах 2012 оны 217, 2016 оны А/278 тоот тушаалын дагуу мэдээлэхээс гадна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын mmra.gov.mn цахим хаягт байрлах гаж нөлөө мэдээлэх цэсийг сонгон, вакцины урвал хүндрэлийг QR кодоор эсвэл дараах https://vaccine-primaryereporting.who-umc.org/MN холбоосоор мэдээлнэ.
4. Вакцины ач холбогдол
Цагаан цэцэг, Улаан бурхан, Халдварт саа гэх мэт өвчнүүдийн талаар та түүхийн номноос уншиж байсан байх. Тэгвэл хүн төрөлхтөн вакцин нэвтрүүлснээр жил бүр хэдэн 100 мянган хүүхдийн амь насыг авч одож байсан аймшигт халдварт саа өвчнийг 1988 оноос хойш 99%-иар бууруулж чадсан. 2000-2020 оны хооронд Улаанбурхан өвчний өвчлөл 94%-иар буурсан.1940-өөд онд Монгол Улс цагаан цэцэг өвчнийг устгасан.
Дархлаажуулалт нь жил бүр 2-3 сая бага насны хүүхдийг аюултай халдварт өвчний нас баралтаас сэргийлж байгаа хамгийн үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн арга бөгөөд хүн төрөлхтний түүхэн нээлт юм.
5. Хүүхдэд яагаад заавал товлолын вакцин хийх шаардлагатай вэ?
Хүүхдэд хэзээ, ямар үед өвчинд илүү өртөмтгий байдгийг эрдэмтэд судлан нотолсон байдаг тул вакцин болон дархлаажуулалтыг товлосон хугацаанд хийж, халдварын эсрэг дархлаа тогтоодог.
Хүүхдийг вакцинд хамруулахгүй байх нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ халдвар авсан тохиолдолд хүндрэх нөхцөл болдог. Дархлаажуулалтын хамралт буюу хүн амын дархлал тогтцыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд дахин сэргэх аюултай.