КОВИД-19 өвчний эмчилгээнд "Тоцилизумаб" эмийг аюулгүй, зохистой хэрэглэх талаар цахим сургалт зохион байгууллаа


Тоцилизумаб эм нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-ын Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний удирдамжид шинээр орж 2021 оны 06 дугаар сард АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн яаралтай нөхцөлд хэрэглэх эмийн жагсаалтад багтжээ. Уг эмийг коронавируст халдварын нэн хүнд өвчтөнүүдэд кортикостеройд эмтэй хавсарч хэрэглэснээр хиймэл амьсгалын аппаратад орох хэрэгцээг 28%, нас барах эрсдлийг 13%-иар бууруулдаг байна. Эрүүл мэндийн сайдын A/549 тоот тушаалаар батлагдсан Шинэ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо, эмчилгээний түр зааварт уг эмийг эмнэлзүйн хүнд болон нэн хүнд үед хэрэглэхээр заасан.

Иймд УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн удирдлага, эрчимт эмчилгээний тасгийн эмч нар, эмзүйн албадын мэргэжилтнүүдэд тоцилизумаб эмийн хэрэглэх заавар, хяналтын болон гаж нөлөөний хуудсыг танилцуулах зорилгоор цахим сургалт зохион байгууллаа.