Цар тахлын үед хэрэглэх эм, оношлуурын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор хөдөө орон нутагт ажиллалаа



Коронавируст халдварын үед хэрэглэх эм, оношлуурын хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас ажлын хэсэг томилогдон, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад ажиллав. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн 9-р сарын 2-ноос 9-р сарын 9-ний өдрүүдэд Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Аймгийн эрүүл мэндийн газар болон эмнэлгүүдэд КОВИД-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Эмийн хүртээмж, чанар, аюулгүй байдлын асуудал, Лабораторийн хяналт, үнэлгээ гэсэн үндсэн 3 чиглэлээр ажиллаж, холбогдох асуудлуудыг тухай бүрд нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэв.

 

Түүнчлэн вирусийн эсрэг эм, тариа, түргэвчилсэн болон ПГУ оношлуурын нөөцийн мэдээг нэгтгэн, молекул биологийн лабораторийн тоног төхөөрөмж, хэвийн ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангасан юм. Аймгийн нэгдсэн эмнэлэг бүр дэргэдээ хүчилтөрөгчийн үйлдвэртэй, уг үйлдвэрүүд цар тахлын үед хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Хөдөө орон нутагт халдварын тохиолдол ихэссэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэмэгдэж, хүний нөөцийн асуудал үүсч буйгаас гадна иргэд дур мэдэн, эмчийн жоргүйгээр вирусийн эсрэг эм, тариа хэрэглэх тохиолдол их гарч байна.  Мөн нийтийг хамарсан баяр наадам, тэмдэглэлт үйл явдал зэрэг нэг дор олон хүнийг цуглуулсан арга хэмжээнээс халдварын голомт үүсэх нь ихэсч байгаа тул иргэд, олон нийтийг хувийн хамгаалал, эрүүл ахуйгаа сайтар сахиж, хоорондын зайгаа тогтмол барьж хэвшихийг уриалж байлаа.