“Эмийн зохицуулалтын системийг бэхжүүлэх нь” олон улсын сургалтанд хамрагдаж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас санаачлан, Швейцарын Холбооны Улсын эмийн агентлагтай (Swiss Medic) хамтарч цар тахлын үед эмийн зохицуулалтын үйл ажиллагааг дэмжих, улс орнуудын сайн туршлагыг солилцож, нэвтрүүлэх, салбарын боловсон хүчнийг чадавхижуулах зорилгоор “Эмийн зохицуулалтын системийг бэхжүүлэх нь” сэдэвт 5 модуль бүхий цахим сургалтыг эхлүүллээ. Үндэсний эмийн агентлагуудын төлөөлөл хамрагдаж буй уг сургалт нь чанарын удирдлагын тогтолцоо, эрсдлийн менежмент, зах зээлийн хяналт, тандалт судалгаа гэсэн сэдвүүдийн хүрээнд олон улсын судлаач багш нарын хичээлээр үргэлжилж байна. Түүнчлэн коронавируст цар тахлын үеийн зохистой менежмент, эмийн агентлагуудад тулгарч буй сорилт, цаг үеийн тулгамдсан асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэх гарц, шийдлүүдийг хэлэлцэж буйгаараа онцлог юм. Сургалтанд ДЭМБ-ын гишүүн орнууд болох Монгол, Камбож, Лаос, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Фижи болон Бангладеш зэрэг улсаас нийт 35 оролцогч хамрагдаж байгаагаас Эрүүл мэндийн яам болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас 6 хүн оролцож байна.