Монголын эм хангамжийн байгууллагын холбоо ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монголын эм хангамжийн байгууллагын холбоо ТББ-тай  бүхий л төрлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлох, хэрэгжүүлэх зорилгоор “Хамтран ажиллах гэрээ”-г 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллах бөгөөд үүнд:

  • Эм хангамжийн салбарын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын боловсруулалт, шинэчлэлд талуудын санал, хүсэлтийг тусгах, оролцоог нэмэгдүүлэх;
  • Эм хангамжийн салбарт өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хөрөнгө оруулалт татах, нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоог дэмжих замаар эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, талуудын түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  • Эм зүйн салбарын хөгжлийн бодлогыг тодорхойлох, бодлогын хэрэгжилтийг хангах, хяналт тавих;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн зар сурталчилгаанд хяналт тавих зэрэг багтаж байна.

Энэхүү гэрээ нь Монгол Улсын эм зүйн салбарын хөгжилд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэх, улмаар эм зүйн салбарын мэргэжлийн хөгжлийг дэмжих бодит үр дүнд хүрэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Мөн талуудын хамтын үйл ажиллагаа хууль ёсны аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин ажиллана.