Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, Польш улсын эмийн агентлагийн дарга нартай уулзалт хийв
2025 оны 3 дугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд, Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Польш Улсын “Эмийн бүртгэлийн газар”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэ ажлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр, Польш Улсын “Эмийн бүртгэлийн газар”-ын дарга ноён Гжегож Цессак, Гадаад харилцааны хэлтсийн дарга хатагтай Магдалена Паевска, Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшиштоф Бойко болон Консул Стефан Хэйнович нар уулзалт хийв.
Уулзалтын үеэр хоёр улсын төлөөлөгчид Польш Улсын Эмийн агентлагийн үйл ажиллагаатай танилцаж, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн эмийн бүртгэл, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.
Мөн байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжийг судлах, туршлага солилцох замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд хамтран хувь нэмэр оруулах талаар хэлэлцлээ.
Энэхүү уулзалт нь Монгол, Польш хоёр улсын эрүүл мэндийн салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд хэрэгжих хамтарсан үйл ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.