Говьсүмбэр аймагт төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэж байна

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт, Монгол улсын Хяналт, үнэлгээний үндэсний хорооны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2024 оны 02 дугаар тогтоол, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” 2024 оны А/260 дугаар тушаал болон тус газрын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Чанарын хяналтын газрын даргын баталсан 07/06 удирдамжийн хүрээнд Говьсүмбэр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн болон эм хангамжийн 11 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийв.

Хяналт шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Зөвшөөрлийн тухай болон бусад холбогдох хуулиуд, Засгийн газрын 2011 оны “Нийтлэг журам батлах тухай” 311 дүгээр тогтоол, тэдгээрт нийцүүлэн гаргасан журам, стандарт, тушаал шийдвэрийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангуулах, илэрч буй зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор 6 байгууллагад 53 заалт бүхий  улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар 1 байгууллага, 3 албан тушаалтанд 2,500,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж цаашид эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Мөн шалгалтад хамрагдсан байгуулагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах нь” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулсан.

Хяналт шалгалт үргэлжилж байна.