МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-нд “Мод тарих үндэсний өдөр” арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас зохион байгууллаа. Тус өдөр Эрүүл мэндийн яам болон харьяа 16 байгууллагын 300 гаруй алба хаагч Олон улсын еко цэцэрлэгт  хүрээлэнд гурван төрлийн мод тарьж суулгалаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 18 албан хаагч оролцож, агч мод 20 ширхэг, голт бор мод 30 ширхэгийг тус тус тарьлаа.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ Монгол Улсын Ерөнхийлөгч  2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна  хэмээн зарлаж, орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Өнөөдөр бид мод тарьж ургуулах ажилд хувь нэмэр оруулснаар байгаль орчноо хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна гэсэн үг. Ингэснээр иргэд маань эрүүл аюулгүй орчинд эрүүл амьдрах нөхцөл бүрдэх юм. МОДЫГ СУУЛГААД ОРХИЛГҮЙ арчилж ургуулах үйл хэргийг үргэлжлүүлэн хийж байхыг нийт мод тарьж буй хүмүүст хандан уриалмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах болно” хэмээн онцлов.