Орон нутгийн улсын байцаагчидтай цахим уулзалт хийж, үүрэг, чиглэл өглөө

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг орон нутагт хэрэгжүүлж буй улсын байцаагчидтай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар Алсын хараа 2050, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, олон улсын жишиг тогтоох үнэлгээ (Global Benchmarking Tool-GBT) буюу эмийн зохицуулалтын байгууллагуудад тавигддаг шалгуурт нийцүүлэн эмийн бодлогыг тодорхойлж, байгууллагын стратеги төлөвлөгөөг  шинэчлэх, цахимжуулалтыг эрчимжүүлэх зэрэг хийгдэж буй ажлын талаар товч мэдээлэл өгсөн.

Мөн Эрүүл мэндийн сайдын “Хууль бус эмийн худалдааг хянах болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” тухай 2025 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, эрүүл мэндийн байгууллага, эмийн санд цахим жор бичилт, олголтын байдалд, мөн цахим эм, эрүүл мэндийн худалдааны хяналтыг эрчимжүүлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан хяналт шалгалтыг үр дүнтэй хийж, тайлагнах зэрэг 8 чиглэлийн үүрэг өглөө.

Уулзалтын явцад орон нутгийн улсын байцаагчид ажлын байрны нөхцөл, орон нутгийн нэмэгдэл, сургалт зэрэг тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

 Цаашид тус уулзалтыг улирал тутам хийхээр  төлөвлөлөө.