Бичил биетний эсрэг эм үйлдвэрлэгч нарт зориулсан сургалт зохион байгуулагдлаа

Эм үйлдвэрлэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр дотоодын эм үйлдвэрлэгчдэд “Бичил биетний эсрэг эм” үйлдвэрлэхэд анхаарах асуудал сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр нээж үг хэлэхдээ бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, эмийн чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд энэхүү сургалт нь салбарын хөгжилд ахиц авчирна гэдэгт итгэл дүүрэн байгааг онцлов.

ЭЭХХЗГ-ын холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, дагалдан гарсан журмуудын талаар танилцуулж, Эрүүл зүй, нян судлаач, Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шинжээч Д.Сэлэнгэ “Эм үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага”, “Бактерийн бохирдолтоос урьдчилан сэргийлэх эрүүл зүйн нян судлалын шинжилгээний ач холбогдол”, “Цэвэрлэгээний баталгаажилт”, “Бактерийн эндотоксин тодорхойлох ЛАЛ сорилын аргачлал” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.

           Сургалтад дотоодын үйлдвэрүүдийн дэд захирал, микробиологич, ахлах шинжээч, чанарын хяналтын менежер, лаборант, биохимич, чанарын баталгаажилтын менежер, эм шинжлэгч зэрэг 50 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.