ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ЭЭХХЗГ-ын албан хаагчдад сургалт хийлээ

        Өнөөдөр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Сокорро Эскаланте ЭЭХХЗГ-т хүрэлцэн ирж, тус газрын дарга Н.Эрдэнэбаяртай уулзлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь жишиг тогтоох үнэлгээр ML3 (Maturity Level3) түвшинд хүрэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ түвшинд хүрэхийн тулд ДЭМБ болон агентлаг хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтын дараа Др. Сокорро Эскаланте байгууллагын нийт албан хаагчдад ДЭМБ-ын Жишиг тогтоох үнэлгээ (Global Benchmarking Tool - GBT) болон Итгэлцлийн зохистой дадал (Good Reliance Practice - GRelP)-ын талаар сургалт явууллаа. Уг сургалтаар ДЭМБ манай улсын эмийн зохицуулалтыг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэх тэргүүлэх 3 чиглэл, Төлөвшлийн түвшин 3 буюу ML3 (Maturity Level3) түвшинд хүрэхийн тулд нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай стратегиуд, ДЭМБ-ын Итгэлцлийн зохистой дадлын ач холбогдол, зарчмууд болон үүний хүрээнд бусад улс орны зохицуулалтын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж зохицуулалтын тогтолцоогоо бэхжүүлэх чиглэлээр зөвлөгөө өглөө.

Түүнчлэн эмийн зохицуулалтыг чадавхжуулахад албан хаагчдыг сургах сургалтын хэрэгцээ их байгаад тулгуурлан 2 долоо хоног тутам сургалт зохион байгуулж ажиллахаар болов.

Монгол оронд эмийн зохицуулалтын тогтолцоог төлөвшүүлж, бэхжүүлэхэд сэтгэл, зүтгэлээ зориулан хамтран ажиллаж байгаа Др. Сокорро Эскаланте танд байгууллагынхаа нийт албан хаагчдын өмнөөс талархал илэрхийлье.