ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ДАРААХ ЧАНАР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ, ҮНИЙГ “ЦУВРАЛЫН ДУГААРААР МӨШГӨХ” ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛНЭ.

Тус газраас эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүхий л зохицуулалтын үйл ажиллагааг “ЦАХИМЖУУЛАХ” зорилт тавин ажиллаж байна.

   Энэ ажлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвтэй хамтран Лайсмед программд импортын эм, эмнэлгийн хэрэгслийг  стандарт код /бар код/, цувралын дугаар тус бүрээр гаалиар орж ирсэн тоо хэмжээ, үнийн мэдээллийг Гаалийн мэдүүлгийн систем, Цахим төлбөрийн баримтын систем буюу И-баримтын системээс эм хангамжийн байгууллагын борлуулсан тоо хэмжээ, бөөний үнэ, жижиглэнгийн үнийн мэдээллийг авч, үнэ нэмэгдэл, нөөцийн байдалд хяналт, зохицуулалт хийх цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

    Эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалтын  шатлал бүрд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нэр төрөл, үнэ, нөөц, цувралын мэдээлэл солилцох байгууллага хоорондын цахим мэдээллийн нэгдсэн сан бүрэн нэвтэрснээр:         

      - Хууль бус болон хуурамч эм, эмнэлгийн хэрэгслийн  эргэлтийг илрүүлэх, таслан зогсоох;        

    - Эмийн зохистой хэрэглээ төлөвшүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд нотолгоонд суурилсан мэдээлэл бий болох;          

    - Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөцийн удирдлагын тогтолцоотой болж,  үнийн өсөлтөд олон нийтээс хяналт тавих боломж бий болж, төрийн байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, төрийн үйлчилгээг хялбаршуулах ач холбогдолтой юм.

    Дээрх ажлын хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын цахимжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн цахим хөгжлийн албаны мэргэжилтнүүдтэй 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулж системийн туршилтын ажлын явцын талаар саналаа солилцлоо.