Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн жишиг техникийн тодорхойлолтыг боловсруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр хурал зохион байгуулагдлаа
Монгол Улсын Засгийн газраас эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг үр ашигтай, ил тод, хяналттай болгох зорилгоор ерөнхий гэрээгээр худалдан авах тогтолцоог хэрэгжүүлж, цахим дэлгүүрт байршуулах зохицуулалт хийж байна. Энэ хүрээнд өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг сайжруулах, зах зээл дэх үнэ, техникийн шаардлагыг нэгдсэн стандарттай болгох шаардлага үүссэн.
Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын ил тод, үр ашигтай, стандартчилагдсан тогтолцоог бүрдүүлэх, цахим дэлгүүрт шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нэмэх, жишиг техникийн тодорхойлолтыг боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулж, 02 дугаар сарын 18-ны өдөр эхний хурлаа зохион байгууллаа.
Ажлын хэсэгт төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын өндөр өртөгт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэдэг эмч, удирдах ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчид оролцож, улсын хэмжээнд өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийн жишиг техникийн тодорхойлолтыг боловсруулах, нэр төрлийг нэмэгдүүлэх асуудлаар бодлогын чухал санал, зөвлөмжүүдийг ярилцлаа.
Мөн жишиг техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулах, цахим дэлгүүрт шинэ нэр төрлийн хэрэгслийг нэмж, худалдан авалтын чанар, хүртээмжийг сайжруулах төсвийн үр ашиг, хяналтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэв.