ДЭМБ-ын Олон улсын жишиг тогтоох үнэлгээний аргачлалын дагуу Монгол Улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагааг үнэлүүлэх бэлтгэл ажил хангах үйл ажиллагаа болж байна.

      Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь Монгол улсын иргэн бүрийг чанарын баталгаатай, аюулгүй, эмчилгээний үр дүнтэй эм, эмнэлгийн хэрэгслээр хүртээмжтэй хангаж, амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилготой. Энэхүү зорилгоо хэрэгжүүлэхэд эм зүйн салбарын бодлого зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх, чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байдаг. Иймд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 2022 оны 11 сард олон улсын жишиг тогтоох аргачлалаар өөрийн байгууллагын үнэлгээг хийж байсан бөгөөд 2023 оноос 2026 онд хэрэгжүүлэх “Байгууллагын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан батлаж, уг төлөвлөгөөнд олон улсын жишиг тогтоох аргачлалыг тусгасан.

      “Байгууллагын хөгжлийн төлөвлөгөө”-ий хэрэгжилтэд үндэслэн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж, тулгарч буй асуудлыг тодорхойлох болон зөвлөмж өгөх, зөвлөмжийн дагуу олон улсын жишиг тогтоох аргачлалаар үнэлэх бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Филиппиний Манила дахь Номхон далайн баруун бүсийн газрын Эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний хэлтсийн Зайлшгүй шаардлагатай эм, эрүүл мэндийн технологийн эмнэлгийн мэргэжилтэн Др Жинхо Шин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байна.