Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоногийн аян эхэллээ

           Жил бүрийн 11 дүгээр сард “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоногийн аяныг тэмдэглэдэг. Энэ жилийн дэлхийн 7 хоногийг Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд, ДЭМБ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн болон Мал амьтны эрүүл мэндийн байгууллагууд, гамшгаас сэргийлэх хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр өнөөдөр нээлээ.

Энэхүү долоо хоног нь хүн амын мэдлэг боловсролыг сайжруулах, бодлогын өөрчлөлт хийхийг уриалах, яаралтай арга хэмжээнүүд авах шаардлагатай байгааг сануулах зорилготой зохион байгуулагддаг.

Манай улсын хувьд энэхүү кампанит ажлыг "Нэг эрүүл мэнд"-ийн хүрээнд олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, улмаар бичил биетний эсрэг эмийг хүн, мал амьтан, газар тариалангийн салбарт хэтрүүлэн буюу буруу, зохисгүй хэрэглэхийг зогсоох зорилготойгоор тэмдэглэж байна.

Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл, түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм гэнэ. Харин бичил биетний тэсвэржилт гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.

Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь иргэд бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, тариалан эрхлэлтэд зохисгүй, хяналтгүй хэрэглэх нь тэсвэржилт үүсгэдэг байна.