ДЭМБ-аас ЭЭХХЗГ-ын Эм шинжлэх лабораторид нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

           Эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн Эм шинжлэх лаборатори нь Хүнсний аюулгүй байдлын  лавлагаа лабораторийн харьяанд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2022 онд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжин ирсэн.                                                 

Эм шинжлэх лабораторийг чадавхжуулах ажлын хүрээнд ДЭМБ-ын  Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас 7 төрлийн 9 багаж, тоног төхөөрөмж, багажтай холбогдох иж бүрэн 5 компьютерыг гардуулах арга хэмжээ зохион байгууллаа.  

Уг арга хэмжээнд ДЭМБ-ын суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ЭЭХХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхтуяа, Эм шинжлэх лабораторийн дарга Д.Номинцэцэг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.  

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ: Эмийн чанарыг сайжруулах нь бид бүхний хийх хамгийн чухал ажил учраас Эм шинжлэх лабораторийг чадавхжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх, нэмэгдүүлэх, цаашид боловсон хүчнийг чадваржуулж, нийгмийн баталгааг хангаж ажиллана хэмээсэн.                                                                             

      Эм шинжлэх лабораторид  дээрх тоног төхөөрөмжийг ашигласнаар эмийн бодисын таних урвал, туналт, уусалт, хольц тодорхойлох,  уураг болон азотын агууламж, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг хийх боломж бүрдлээ.

Энэ тоног төхөөрөмжийн шинэчлэл нь эм шинжлэх лабораторийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дээж шинжлэх хугацааг бууруулах, ачааллыг багасгах үр дүнтэй юм.

Эм шинжлэх лаборатори нь Кьелдалын автомат анализатор, потенциометрийн титрлэгчтэй болсноор биологийн идэвхит бүтээгдэхүүнд уураг болон азотын агууламж тодорхойлох, эмийн түүхий эдийн зарим тооны тодорхойлолтыг бүрэн шинжлэх боломжтой боллоо .

Мөн эдгээр тоног төхөөрөмжийн шинэчлэл нь эмийн лабораторийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, дээж шинжлэх хугацааг  тодорхой хэмжээнд бууруулах юм.