Эмгэнэл

                                 ЭМГЭНЭЛ

ЦЭВЭЭНРЭГЗЭНГИЙН МӨНХ-ОД

(1983-2023)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын мэргэжилтэн, бидний дотны анд Цэвээнрэгзэнгийн Мөнх-Од 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, найз нөхөд, хамт олонд нөхөж  баршгүй гарз тохиолоо.

Цэвээнрэгзэнгийн Мөнх-Од нь 1983 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт төрж, өссөн. 1991-2001 онд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 47 дугаар дунд сургууль,  2002-2007 онд “Оточ Манрамба” Их сургуулийг Их эмч мэргэжил, 2007-2011 онд “Оточ Манрамба” Их сургуульд Анагаах Ухааны Магистр,  Багш, Сургалтын албаны дарга, 2012 онд тухайн үеийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын албанд мэргэжилтэн, 2012-2020 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцоо судалгааны албанд Уламжлалт эмчилгээ, эмийн бодлогын судалгаа, дүн шинжилгээ хариуцсан мэргэжилтэн, Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны мэргэжилтэн, 2021 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Лиценз, зөвшөөрлийн зохицуулалтын газарт Үндэсний үйлдвэрийн эм, уламжлалт эм, эмийн түүхий эдийн бүртгэл, сунгалт өөрчлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Эмийн аюулгүй байдлын тандалт судалгааны газарт Биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлын тандалт судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэн, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газарт Эмнэлгийн тоног төхөөрөмжийн бүртгэл, судалгаа, мэдээллийн сангийн асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байлаа.

Түүний хөдөлмөрч сэтгэл зүтгэл, Монгол Улсын Эрүүл мэндийн салбар, Хүн амын эрүүлийг хамгаалах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг Төр засаг өндрөөр үнэлж 2018 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулсан байна.

Талийгаачийн ажилч хичээнгүй, шулуун шударга, төлөв даруу зан чанар, хүнлэг сайхан сэтгэл бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

 

Ум сайн амгалан болтугай

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар