“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ”-2023 ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбараас “Эрүүл мэндийн технологи – Олон улсын экспо 2023” -ыг Мишээл экспо Олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулж өнөөдөр /2023.09.22/ нээлтээ хийлээ.
Эрүүл мэндийн технологийн үзэсгэлэнд энэ жил 30 орчим улс, орны төлөөлөгчийн газар, БНСУ, БНХАУ-аас 19 ханган нийлүүлэх байгууллага, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн 16 эмнэлэг, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх 49 байгууллага оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологи, арга аргачлал, гадаад болон дотоодын эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилготой юм.
Үзэсгэлэн нь 2023 оны 09 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд үргэлжлэх ба эдгээр өдрүүдэд “Эм зүйн салбарын хөгжил ба шинэ хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хурал, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн 5 дугаар чуулга, уулзалт тус тус зохион байгуулагдах юм.



