“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” төслийг 2023-2027 оны хооронд хэрэгжүүлэхээр эхлүүлсэн.
Уг төслийн хүрээнд эхний удаа ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэхээр ажиллаж байгаа ба Монгол улс нь энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсон.
Уг төслийг хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран эм хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлгийн төлөөлөл болох 6 хүний бүрэлдэхүүнтэй олон улсын шинжээчдийн баг үнэлгээ хийхээр 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд манай улсад ажиллаж байна.
Хүүхдийн хавдрын эм хүлээж авах бэлтгэл ажлын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хангамжийн сүлжээ, эмийн зохицуулалтын үйл ажиллагаанд хийсэн өөрсдийн үнэлгээг шинжээчдийн баг баталгаажуулан дараагийн үйл ажиллагааг тодорхойлно.
Уг төслийг хэрэгжүүлснээр ДЭМБ-ын урьдчилсан баталгаажуулалтад хамрагдсан болон эмийн хатуу зохицуулалттай улс оронд үйлдвэрлэсэн чанарын баталгаатай эмийг хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд хэрэглэх боломж бүрдэж, эмчилгээ, оношлогооны чанар, хүртээмж, үр дүн нэмэгдэж, хорт хавдрын онош бүхий хүүхдийн амьдралын чанар сайжирах боломжтой болох юм.


