Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаатай холбоотой эрх зүйн зохицуулалтын нэмэлт мэдээлэл
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.8-д Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны зөвшөөрөл, хяналтыг төрөөс зохицуулахаар заасан үүрэг чиглэлийн дагуу манай байгууллага нь зар сурталчилгааны зөвшөөрлийг олгон, тандалт судалгаа хийж байна. Дээрх болон бусад холбогдох хуулийн дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаа хийгддэг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 51 дугаар тогтоолоор “Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-д нэмэлт, өөрчлөлтүүд орсон байна.
Иймд Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг явуулахад доорх заалтуудыг анхаарч, мөрдөж ажиллана уу. Үүнд:
“Телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын 3 дугаар зүйлд;
- 3.22. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас олгосон зөвшөөрлийг үндэслэнэ.” гэж;
- “3.23.Энэхүү журмын 2.4, 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.10, 2.11 заасан нэвтрүүлэг, зар сурталчилгаа, баннер, үг хэллэгийг түгээхэд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан, нотолгоонд суурилсан, эх сурвалжид үндэслэсэн, зөвхөн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхэд чиглэсэн байна.” гэж;
- “3.24.Эмийн зар сурталчилгааг нэвтрүүлэхэд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын нэр, тухайн зөвшөөрлийн дугаар, “ЭМИЙН ЗААВРААС ГАЖ НӨЛӨӨ, ЭСРЭГ ЗААЛТЫГ УНШИЖ, ЭМЧ, ЭМ ЗҮЙЧЭЭС ЗӨВЛӨГӨӨ АВНА УУ" гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна.” гэж;
- “3.25.Биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааг нэвтрүүлэхэд “ЭНЭХҮҮ БҮТЭЭГДЭХҮҮН НЬ ӨВЧНИЙГ ОНОШЛОХ, ЭМЧЛЭХ ЗОРИЛГООР ХИЙГДЭЭГҮЙ БОЛНО” гэсэн анхааруулгыг сурталчилгааны бүх хугацаанд дэлгэцийн буланд тод гаргацтай байршуулна.” гэж;
- “3.26.Эрүүл мэндийн нэвтрүүлэгт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний тухай ярьж байгаа тохиолдолд журмын 3.24, 3.25-д заасан анхааруулгыг нэвтрүүлгийн туршид дэлгэцийн доогуур урсгах хэлбэрээр гаргана.” гэж тус тус заасан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг (https://www.crc.gov.mn/storage/PDF/2023/006-51-Togtool-Ammend-Reclam-MOJHA-S-2023-0531.pdf (crc.gov.mn) цахим хаягаар авна уу.