“Энэ жилдээ эрүүл жиндээ" аянд нэгдэж эрүүл зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг уриалж байна.

Эрүүл мэндийн яамнаас хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, эрүүл идэвхтэй амьдралыг сурталчлах, эрүүл зан үйлийг хэвшүүлэх зорилгоор 2023 онд 6 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүний нэг бол эрүүл, зөв зохистой хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, илүүдэл жин, таргалалтыг бууруулах зорилготой "Энэ жилдээ эрүүл жиндээ" аян юм.

Тус аяны хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Чанарын хяналтын газраас “Эрүүл агаарт идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эерэг уур амьсгал нэмэгдүүлэх” зорилтот үйл ажиллагаг энэ сарын 17-ны өдөр зохион байгуулсан. Үйл ажиллагаанд нийт 60 гаруй албан хаагч оролцож, Аэробик гимнастикийн Олон Улсын хэмжээний мастер, дасгалжуулагч А.Гантөгсийн багийн үзүүлбэрийг сонирхон, Uuree’s dance бүжгийн клубийн багш дасгалжуулагчдаар Монгол бүжгийн дасгал хөдөлгөөн заалгаж, бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан эрүүл мэндээ хамгаалахад суралцлаа.

Цаашид аяны хүрээнд өглөөний алхалт, ажлын байрны дасгал, спортын арга хэмжээ, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалсан өдөрлөг, сайн туршлагыг түгээх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн.

“Энэ жилдээ эрүүл жиндээ" аянд нэгдэж эрүүл зохистой хооллож, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж хэвшихийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас иргэддээ уриалж байна.