Др. Сокорро Эскаланте: ЛАБОРАТОРИЙН ЧАДАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте 03 дугаар сарын 06-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтад ЭМЯ, ДЭМБ-ын төлөөлөл, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагууд оролцсон ба эмийн хяналт, зохицуулалтын талаар Монгол улсын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, олон улсын чиг хандлагын талаар харилцан мэдээлэл сонсож, санал солилцлоо.

Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нь эмийн чиглэлээр олон улсад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн бөгөөд эмийн хяналт, зохицуулалтыг сайжруулахын тулд тэргүүлэх чиглэл, арга зам, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан 3 жилийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулан гаргах нь чухал болохыг онцолж тулгамдаж буй асуудлуудад дэмжлэг, зөвлөгөө өгч хамтран ажиллахаа илэрхийлсэн.