УОК-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэдээлэл өглөө

Коронавируст халдвараар өвчилсөн тохиолдлын тоо сүүлийн 14 хоногт 2 дахин нэмэгдсэн, омикроны шинэ ВF7, BQ1.2 хувилбар шинээр бүртгэгдэж, томуу томуу төст өвчлөл өндөр, эмнэлгийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, ажиллах хүчний нөөцийг судлах, мэдээлэл солилцох зорилгоор Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын оператив бүлгийн дарга, хурандаа Ж.Амгалан, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын тасгийн дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын оператив бүлгийн орлогч дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, ЗХЖШ-ын Кибер цэргийн орлогч, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын оператив бүлгийн гишүүн хурандаа Ж.Баттөмөр тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 28-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллалаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжийн бүрдүүлэлтийн мэдээллийг өгч, улмаар цар тахлын үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөө, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогын зарим асуудлыг газрын дарга Д.Нарантуяа танилцууллаа.

Түүнчлэн эм, эмнэлгийн хэрэгслийг хил гаалиар саадгүй нэвтрүүлэх зохицуулалт, цаашид хилийн боомтуудаар эм, эмнэлгийн хэрэгслийг нэн тэргүүнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан санал солилцсон юм.

Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн 20 орчим хувийг дотоодын эмийн үйлдвэрүүд хангадаг. Иймд дотоодын эмийн үйлдвэрүүдийн хүчин чадлыг сайжруулах, нөөц, хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг энэ үеэр онцоллоо. УОК-ийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн зөвхөн цар тахлын үеийн бэлэн байдлаас гадна бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хангамжийн бэлэн байдалд анхаарч ажиллах тал дээр зөвлөмж өглөө.

Тус ажлын бүрэлдэхүүн Улсын 1,2,3 дугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Өргөө амаржих төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд ажиллах юм байна.