Монголын эм зүйн ажилтны II дугаар их хурал амжилттай зохион байгуулагдлаа.

“Эм зүйн салбарын хөгжил, чиг хандлага” сэдэвт Монголын эм зүйн ажилтны II дугаар их хурал Засгийн газрын ордны Хуралдааны Их танхимд амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны дарга П.Анужин, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Д.Нарантуяа, МЭЗБН “ЭМ” холбооны тэргүүн, Эм зүйн ухааны доктор, профессор Д.Энхжаргал болон бусад албаны хүмүүс, Монгол улсын өнцөг булан бүрд ажиллаж буй эм зүйчдийн төлөөллүүд, ахмад, залуу үеийн эмзүйчид оролцлоо.

Хуралдаанаар “Төрөөс баримталж буй эмийн бодлого”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын чиг хандлага”, “Монгол Улсын эм зүйн салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт”, “Эмийн үйлдвэрлэлийн хөгжил, чанар аюулгүй байдал”, “Эмийн сангийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, “Хууль эрх зүйн орчны шинэчлэл эм зүйн салбарт нөлөөлөх нь” зэрэг 8 илтгэл тавигдлаа.

Түүнчлэн эм зүйн салбарын тулгамдсан асуудлуудын нэг болох үндэсний эмийн үйлдвэрийг бодлогоор дэмжих, Эм зүйн салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, чанарын хяналт, сорилтын лабораторийн чадавхыг сайжруулах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх талаар санал орууллаа. Хурлын үеэр Эм үйлдвэрлэлийн зохистой дадал буюу GMP шаардлага хангасан гурван эмийн үйлдвэрт батламж гардуулсан юм. Ингэснээр манай улсын эмийн 9 үйлдвэр GMP шаардлага хангаад байна.