Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хяналт шалгалт хийгдэж байна

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаанд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиуд болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3.-т жороор олгох эмийг сурталчилахийг хориглосон заалтыг зөрчсөн үйлдэлд 1 эм ханган нийлүүлэх байгууллагыг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг үндэслэн хуулиар хориглосон хэлбэрээр эмийн зар сурталчилгаа явуулсан гэж үзэж торгуулийн арга хэмжээ авсан.

Мөн Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7.-д Эмнэлгийн байгууллагын талаархи зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана гэж, 13.8-д Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно заасныг тус тус зөрчсөн байх тул хялбаршуулсан журмаар шалган Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан.

Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна. Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний зар сурталчилгааны талаарх мэдээллийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мэдэгдэнэ үү.

• eehhzg@moh.mn

• +(976) 51-260182,

• +(976) 51-262332