Дархлаажуулалтын аюулгүй байдлын тандалтын тогтолцоон дахь мэргэжилтний оролцоо болон дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг бүртгэн, мэдээлэх үйл ажиллагаанд тандалт хийлээ

ДЭМБ-ын олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 11-23-ны өдрийн хооронд нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн (эмч, сувилагч, эмзүйч, тархвар судлаач)-ийг хамруулан дархлаажуулалтын дараах урвал хүндрэл (ДДУХ)-ийг илрүүлэх, бүртгэн мэдээлэх үйл ажиллагаанд газар дээр нь очих болон цахим гэсэн 2 хэлбэрээр тандалтыг зохион байгуулсан.

Газар дээр нь очиж хийсэн тандалтад нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төв, төрийн болон хувийн хэвшлийн нийт 30 эрүүл мэндийн байгууллагын 75 мэргэжилтнийг хамруулсан бол цахимаар 445 мэргэжилтнийг хамруулснаар нийт 520 мэргэжилтэн оролцлоо.

Нийт оролцогчдын 40 (7.7%) нь эрэгтэй, 480 (92.3%) нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол хамрагдсан бүс нутгаар авч үзвэл Төвийн бүс 28.7% (149), Баруун бүс 16.9% (88), Хангайн бүс 15.6% (81), Зүүн бүс 12.1% (63), Улаанбаатар хот 26.6%(138) байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлалаар харвал 72.3% (376) нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэргэжилтэн, 20% (104) нь лавлагаа шатлалтын эрүүл мэндийн байгууллага, 6.2% (32) нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, 1.5% (8) нь хувийн хэвшлийн эмнэлэгийн мэргэжилтнүүд хамрагдсан байна.

Тандалтад оролцсон нийт мэргэжилтэн дунджаар 10.78 ± 8.28 жилийн ажлын туршлагатай байсан бол оролцогчдын 51.3% (267) нь сувилагч, 32.1%(167) нь эмч, 6.2% (32) нь эмзүйч, 4.4% (23) нь тархвар судлаачид, 5.9% (31) нь бусад мэргэжилтэн байна.


Тандалтаар ДДУХ мэдээлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг тодруулбал нийт оролцогчдын мэргэжлийн ялгаатай байдлаас үл хамааран эрх зүйн орчны тодорхой нарийн зохицуулалт болон мэргэжилтний ДДУХ-ийг бүртгэх мэдээлэх туршлага, хандлага ихээхэн нөлөөлдөг байна.

Улиралд дунджаар бүртгэгддэг ДДУХ-ийн тохиолдлын талаар нэг эрүүл мэндийн байгууллагаас оролцож буй мэргэжилтэн бүр ялгаатай хариулт өгснөөс гадна тоо мэдээ ижил байх харъяа дээд байгууллагаас мөн зөрүүтэй байгаа нь мэдээллийн нэгдсэн систем шаардлагатай байгааг харуулж байна.

 

Дархлаажуулалтын аюулгүй байдлын тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд дархлаажуулалтад оролцогч эрүүл мэндийн байгууллагаас гадна бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтнүүдэд ДДУХ-ийн талаарх ойлголт, мэдлэгийг олгох сургалт, сурталчилгаа, гарын авлага, мэдээ, мэдээллийг тэгш хүртээмжтэй хангаж, ДДУХ-ийг илрүүлэх, бүртгэн мэдээлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах шаардлагатай гэж үзэж байна.

Тандалтад оролцсон эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтний тоо

Аймаг, хот

Оролцогчдын тоо

 

 

Архангай

22

Өвөрхангай

6

Баян-Өлгий

20

Өмнөговь

37

Баянхонгор

19

Сүхбаатар

30

Булган

16

Сэлэнгэ

8

Говь-Алтай

13

Төв

14

Говьсүмбэр

13

Увс

15

Дархан-Уул

13

Улаанбаатар

138

Дорноговь

43

Ховд

14

Дорнод

21

Хөвсгөл

20

Дундговь

21

Хэнтий

11

Завхан

26

 

520