ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ БИД ӨӨРСДӨӨ ХАМГИЙН САЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аяны хүрээнд эмнэлзүйн эмзүйн албаны шинэ үлгэрчилсэн дүрмийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж, эм зүйн салбарын манлайллыг бий болгохоор түүчээлэн ажиллахаар сонгогдсон эмнэлгийн төлөөллүүдэд батламж гардуулсан.

Тус батламжийг Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөллөөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, Дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн төлөөллөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг, Дүүргийн нэгдсэн эмнэлгийн төлөөллөөр Налайх эрүүл мэндийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдийн төлөөллөөр Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг байгууллагууд хүлээн авсан юм. Батламж хүлээн авсан байгууллагуудын төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.БАЙГАЛ:
“Эмнэлзүйн эмзүйн албаны шинэ үлгэрчилсэн дүрмийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж, манлайллыг бий болгохоор сонгогдон батламж авсандаа баяртай байна. Энэ үүрэг хариуцлагыг нэр төртэй хэрэгжүүлж, жишиг эмнэлэг, эмийн сантай болох зорилгыг тавьсан. Түүнчлэн энэ аяны хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, эргээд тайлагнана гэсэн бодолтой байна. Эмч хүн эмгүйгээр хүнийг эмчилнэ гэж байхгүй. Эмзүйчид, эм, эмнэлгийн хэрэгсэл ч гэсэн эмчийн үйл ажиллагаа, эмчийн цохолтгүйгээр эсвэл сувилагчийн гардан үйлдэлгүйгээр хэрэглэгдэнэ гэж байдаггүй. Тиймээс Эмийн зохистой хэрэглээг бид өөрсдөө хамгийн сайн хэрэгжүүлэх ёстой”.

Д.ТҮВШИНЗУЛ:
Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аянд орон нутгийн эмнэлгүүдийг төлөөлж Өмнөговь аймгийн бүсийн оношилгооны төвийг хамтрагч байгууллаар оролцуулсанд маш их баярлаж байна. Орон нутагт эмийн зохистой хэрэглээ муу байдаг. Коронавирусын халдвар ихэссэнтэй холбоотойгоор иргэд эмнэлэгт үзүүлэхгүй шууд л эмийн сан руу очоод эм авч уудаг байдал их болсон. Эмийг зохисгүй хэрэглэснээр хүний эрүүл мэндэд сөрөг, хортой нөлөө их илэрч байна. Ард иргэд маань болж өгвөл эмээс зайлсхийх шаардлагатай. Хэрвээ эм хэрэглэх бол зохистойгоор мэргэжлийн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Бид үүнийг иргэдэд маш сайн ойлгуулахгүй бол эмийн зохисгүй хэрэглээтэй холбоотой эмнэлгийн ачаалал ихэсч, мөн эмнэлгийн санхүү, төсөв мөнгө үрэгдэх, үргүй зардал ихсэх хандлага нэмэгдсэн. Манай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хамт олон, эмч мэргэжилтнүүд “Эмийг зохистой хэрэглэе” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж ажиллах болно” гэлээ.